Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Цар тахал эрүүл мэндийн салбарын санхүүжилт ямар чухлыг улстөрчдөд ойлгууллаа

Ангилал
COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
9 минут 16 секунд

Ирэх оны улсын төсөв болон эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.

-2022 оны улсын төсөв батлагдлаа. Эрүүл мэндийн салбарт тусгагдсан ирэх жилийн төсвийн онцлогийг юу гэж харж байна вэ?

-Аливаа муу зүйл нөгөө талаар сайн зүйл дагуулдаг гэдэг. Ковидын цар тахал эрүүл мэндийн салбарын санхүүжилт ямар чухал болохыг иргэд болон шийдвэр гаргаж буй улс төрчид бүгдэд ойлгууллаа. Тиймээс энэ салбарын санхүүжилтэд онцгойлон анхаарч төсөвт 350 тэрбум төгрөг нэмж, нийт 1 их наяд 450 тэрбум төгрөгөөр батлагдлаа.

2021 оны төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарт 780 тэрбум төгрөг нэмэгдсэн. Энэ нь салбарын үйл ажиллагаа хэр хэмжээний өртөг зардалтай болохыг харуулж байна. 2010 онд 250 тэрбум төгрөгтэй байсан эрүүл мэндийн салбар одоо 1.45 их наяд төгрөгт хүрч байна. Нөгөө талаасаа ЭМ-ийн салбар нь санхүүжилтийн асар их дутагдалд ороод байсан салбар юм. Эхний ээлжинд бид шинэчлэлийн хүрээнд дутагдлаасаа арилах ёстой. Хоёрдугаарт, хүртээмжтэй буюу чанартай байх шаардлагатай. Төсөвт тусгагдсан өртөг нь ЭМ-ийн салбарын ажилтнуудын цалин хөлс болох үе шаттай ажил болж байна. Бид дохиур дохиод мөнгө үйлдвэрлэдэг ид шидтэн биш учраас байгаа боломжуудаа дээд хэмжээгээр энэ салбарт зарцуулах шаардлагатай гэдэг нэгдсэн ойлголтод хүрч чадсан нь өөрөө маш том дэвшил.

-Ирэх жилийн төсөв гэлтгүй ер нь манай эрүүл мэндийн салбар ямар зорилгын дор нэгдэн ажилладаг юм бэ?

-Эрүүл мэндийн салбар үндсэн том гурван зорилготой. Нэгдүгээрт иргэдийн дундаж наслалтыг өсгөх. Одоогийн байдлаар дунджаар 70 нас байна. 2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Монгол хүний дундаж наслалтыг 74 болгоно гэсэн зорилго тавьсан. Хоёр дахь том зорилго бол хүн өвчин туссан ч амиа алддаггүй байх. Наандаж хувь нь багасах хэрэгтэй. Гурав дахь зорилго бол өвчнөөс болж ядуурч, санхүүгийн хямралд орохгүй байх. Энэ гурван зорилгыг биелүүлэх нь Засгийн газрын гол ажлуудын нэг. 2010-2019 оны хооронд Монгол иргэдийн дундаж наслалтыг ердөө хоёр насаар нэмэгдүүлсэн. Одоо бид маш богино хугацаанд 70-ыг 74 болгоно гэж зорьж яваа.

-Эрүүл мэндийн салбарт өвчнийг эрт үед нь илрүүлэх нь хамгийн чухал. Ирэх онд өвчнийг эрт илрүүлэх үйлчилгээнд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Бид эрт илрүүлэх үзлэгт онцгой анхаарч байна. 2022 оны төсөвт 60 тэрбум төгрөгийг эрт илрүүлэх тусламж үйлчилгээнд зориулан тусгаж байна. Өвчнийг эрт үед нь оношлодог байх нь зардал багатайн дээрээс тухайн хүн өөрөө эдгэрэх боломж илүү өндөр байдгаараа давуу талтай. Дараагийн нэг чухал дэвшил нь анхан шатны тусламж, үйлчилгээг хоёр дахин нэмж байна. Ингэснээр хамгийн түрүүнд эмчид очдог хүмүүс эмч дээрээ очиход тухайн эмч нь хангалуун цалинтай, тухайн хүнийг үзэх сонирхолтой, чадварын хувьд илүү сайн ажилладаг байх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор санхүүжилтыг хоёр дахин нэмсэн. Хуучин шиг төсөв батлахаараа л цалинг нь нэмсэн учир орон тоогоо нэм гэдэг бус төсөв нэмсэн бол үүндээ тааруулаад тухайн сум, өрхийн эмнэлэг тусламж үйлчилгээгээ хэрхэн сайжруулах бодлогоо хийх боломжийг олгож байгаа юм.

-Хавдар судлалын үндэсний төвийн газрын маргаан сүүлийн хэдэн жил үргэлжилсээр сая эмх цэгцэндээ орох шиг боллоо. ХСҮТ-ийн дэргэд барих Хавдрын эрт илрүүлгийн төвийн барилгын ажил хэзээнээс эхлэх вэ?

-Зөөвшөөрөлгүй грашууд барьсан байсан асуудал шийдэгдсэн. Төрөөс анх удаа улсын эмнэлэгтээ газар олголоо. Хуучин эзэмшил нь тодорхой бус байсан грашуудыг буулган, тухайн газрыг ХСҮТ-д албан ёсоор хүлээлгэн өгсөн. Хавдарын эрт илрүүлгийн төв барих хөрөнгө мөнгө нь ч батлагдсан. Зураг төслийн ажлууд үргэлжилж байгаа. Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Австрийн Засгийн газраас үүнийг баталгаажуулсан захиа ирэхээр тэр газарт Хавдарын эрт илрүүлгийн төв барих, Монгол Улсад эрт илрүүлгийн төвийг удирдах, зохицуулах төв оффис нь тэндээ ажиллах юм. Ингэснээрээ аймаг бүрт, дүүрэгт бүрт байгаа эрт илрүүлэх үзлэгүүдийг хянах, удирдах, зохион байгуулах ажлыг хийх төв баригдах юм.

-Энэ төвийг барьснаар ямар ач холбогдолтой вэ?

-ХСҮТ-ийн ард нэг том оффис баригдаад хавдрын өвчлөл буурахгүй. Бидний том зорилго нь аймагт бүр салбаруудаа барьж, орон нутгийн иргэдээ тухайн төвүүд үзэх юм. Тэр бүх төвүүдийн төв оффис нь Улаанбаатарт байрших юм. Харин үндсэн санхүүжилтийг нь даатгалын сангаас бүрдүүлнэ. Гол нь өртөг нь бодитой, таарсан байх ёстой. Сонирхол төрөхүйц хэмжээнд өртгийг нь тооцож хийдэг тогтолцоонд шилжих хэрэгтэй.

-Эмнэлгийн барилга гэснээс БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажил ямар шатандаа яваа вэ?

-БЗД-ийн гэр хорооллын дунд тухайн дүүргийн нэгдсэн эмнэлэг барих газраа олсон. Газрын бүх бичиг баримтыг шилжүүлж цэгцлээд, зураг төсөл хийх тендэр зарлагдаад нэг компани ялсан байгаа. Ажил үргэлжилж л байгаа.

-Бид коронавирус халдварыг дотооддоо алдаад нэг жил болж байна. Ярилцлагын төгсгөлд ковидыг дотооддоо алдсан нэг жилийн хугацаанд бид юун дээр алдаж юун дээр оносон гэж харж байна вэ?

-Дэлхий нийтэд ковидын цар тахлын үед гарз, хохирол амсаагүй нэг ч улс байхгүй. Бид хэр хэмжээний гарз амссанаа харьцуулах нь чухал. Бусад улсуудтай харьцуулаад үзэхэд бид вакциныг дийлэнх иргэддээ хурдан хугацаанд хийж, дотоодддоо алдаагүй байх хугацаандаа эрчимт эмчилгээний тасгуудыг, амьсгалын аппарат шаардагдах хүмүүсийн тоног төхөөрөмж, эмнэлгийн орны бэлтгэл байдал зэргийг хангасан нь бусдын улстай зэрэгцэхүйц асар том хохирол амсаагүй нь сайн жишээ. Дэлхий даяар халдвар авсан 100 хүний хоёр нь нас барж байгаа. Харин манай улсад халдвар авсан 1000 хүний гурав нь нас барсан. Өөрөөр хэлбэл Монгол Улс дэлхийн жишгээр явсан бол өнөөдөр 10,000 иргэнээ ковидын улмаас алдах байсан. Өнөөдөр Монголд 1700 орчим хүн ковидоор нас барсан байна. Бид вакцинжуулалтын ачаар 8300 хүний амь насыг аварч чадсан гэж хэлж болно. Мэдээж үрэгдэж байгаа амь бүхэн үнэ цэнтэй.

-Иргэдээ вакцинжуулалтад хамрагдахыг эрүүл мэндийн салбарынхан тэр чигтээ уриалж байна. Та ч мөн адил гурав дахь тунгийн дархлаажуулалтад иргэдээ уриалж байна уу?

-Өнөөдөр бид халдварын гурав дахь давлагааг намжааж байна. Гэхдээ дараагийн давлагаа гарах үгүйг хэн ч мэдэхгүй. Вирус дахиж мутацилагдаад бүр том давлагаа үүсгэхийг үгүйсгэхгүй. Нөгөө талаар бидний тариулсан вакцины ой санамж буюу биед вирус нэвтрэхэд хамгаалах чадамж нь 4-5 сарын дараа буурч байна. Тийм учраас бид гурав дахь тундаа хамрагдах нь чухал. Иргэддээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаарай гэж уриалмаар байна. Манайх шиг вакцинууд нь бэлэн, хийж байгаа цэгүүд нь элбэг улс орон дэлхийд тийм ч олон биш. Өнөөгийн нөхцөл байдалд вакцинаас өөр вирусээс хамгаалах боломж үгүй учраас иргэдээ гуравдугаар тунд хамрагдахыг дахин уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.

ХАРИУЛТ АВЪЯ: Нас баралт ЯАГААД буурахгүй байна вэ
ХАРИУЛТ АВЪЯ: Нас баралт ЯАГААД буурахгүй байна вэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.