Аравдугаар сарын 29 буюу баасан гарагт манай сайтад "Эрээний хил хаагдсан тул АПУ компани спиртийн хомсдолд орж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд хүндрэлтэй боллоо" гэж мэдээлсэн. Уг мэдээллийг нийтлэхдээ мэдээллээ нягтлаагүйн улмаас алдаа гаргасан байна. Тодруулбал, "АПУ" ХК-ийн захирал Ц.Эрдэнэбилэгийн 2020 онд өөр асуудлын талаар ярьсан мэдээллийг энэ жил мэтээр олон нийтэд түгээсэндээ тус компанийн хамт олон болон уншигчдаас хүлцэл өчиж байна.
"АПУ" ХК нь бүтээгдэхүүний гол орц улаанбуудайгаа 100 хувь дотоодоос татан авдаг аж. "АПУ” ХК нь Сэлэнгэ аймгийн Мандал, Цагаан нуур зэрэг сумын тариалан эрхлэгч 60 гаруй аж ахуйн нэгж, иргэдээс төвлөрүүлсэн улаанбуудайгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна.
Энэ талаар “АПУ” ХК-ийн охин компани болох “Спирт бал бурам” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Чинтогтох "Бидний гол онцлог бол чанарыг эрхэмлэдэг. Чанартай бүтээгдэхүүнээр ард түмнээ хангахын тулд чанартай түүхий эд хэрэглэх ёстой. Тиймээс бид Сэлэнгэ нутгийн үржил, шимтэй хөрсөнд ургасан улаанбуудайгаар үйлдвэрлэлээ явуулдаг. Бидний үйлдвэрлэлийн хэмжээ Монгол Улсын нийт бүтээгдэхүүний зах зээлийг бүрэн хангадаг" гэв.
Ингээд "АПУ" ХК-ийн бүтээгдэхүүн боловсруулалтын үйл ажиллагааг харуулсан дүрс бичлэгийг хүргэж байна.