Засгийн газрын өнгөрсөн аравдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар урлаг, соёлын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй нээх шийдвэрийг гарсан. Үүнтэй холбогдуулан Соёлын яамнаас “Соёл ба хөгжил” сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ.
“Соёл ба хөгжил” уулзалтад Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Соёлын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхбат, СУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ж.Эрхэмтөгс, Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Сюзанна, Үндэсний хөгжлийн газрын бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр нар таван сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир “Соёлын яамнаас энэ сарыг "Соёлын бүтээлч" сар болгон зарласан. Эхний долоо хоногт хэлэлцүүлэг явагдана. Хоёр дахь долоо хоног бол “Өв” буюу өнгөрсөн рүүгээ эргэж харах долоо хоног. Харин гуравдахь долоо хоногт одоогийн нөхцөл байдлаа тодорхойлох бол сүүлийн дөрөв дэх долоо хоногт ирээдүйн үйл ажиллагааны талаар авч үзэх юм.
Миний хувьд “Хөгжил дэх соёлын хамаарал” сэдвийн хүрээнд илтгэл тавих болно. Илтгэлийн ерөнхий агуулга нь дэлхий нийт олон жилийн турш хөгжил ярьсан боловч хамгийн чухал зүйлийг нь орхигдуулсанд байгаа юм. Хөгжлийн тухай онолуудын гол дутагдал нь соёлыг хаяж ирсэн. Энэ нь хэрхэн буруу үр дүнд хөтөлсөн гэдгийг ярих болно. Хөгжил ярихаар л ихэвчлэн эдийн засаг, материаллаг зүйлсийн талаар ярьдаг. Бид энэ алдааг давтах учиргүй. Тухайн үндэстний өөрийнх нь түүх соёлын уламжлалд тохирсон чиг хандлагатай байж хөгжил үр дүнтэй байна” гэв.
Соёлын үйлчилгээ хаалттай байсан өнгөрсөн хугацаанд Соёлын яам салбарын суурь судалгааг хийсэн байна. Тус судалгааны хүрээнд цар тахлын үед зогссон байсан соёлын салбар цаашид хэрхэн ажиллаж, иргэдэд соёлын үйлчилгээг тасралтгүй, хүртээмжтэй хүргэх асуудлаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.