Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
"Хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “288.5 дахь хэсэг” гэснийг хасч, 288.5 дахь хэсгийн “тасралтгүй” гэсний дараа “тав болон түүнээс дээш жил” гэж, “алба хаагчид” гэсний дараа “таван жил тутамд” гэж тус тус нэмэх, “урамшлыг 5 жил тутам” гэснийг “урамшууллыг” гэж, “мөнгөн урамшил олгох” гэснийг “урамшуулал олгох” гэж, мөн, төслийн 2 дугаар зүйлийн “2022 оны” гэснийг “2023 оны” гэж тус тус өөрчлөх тухай санал гаргасан байна.
Улмаар гишүүдийн 64.3 хувь дэмжсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Х.Баделхан "Хуулийн төсөл батлагдсанаар нийт хэчнээн албан хаагчид урамшуулал олгох вэ. Ямар хүмүүс хамрагдах вэ"
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 3000 гаруй алба хаагч ажиллаж байна. Улаанбаатарт 1500 гаруй, хөдөө орон нутагт бас 1500 гаруй албан хаагч ажиллаж байна. Хуулийн төсөлд Улаанбаатар хот, аймгийн төвөөс бусад газарт буюу суманд ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад нэмэгдэл олгоё гэсэн асуудал ярьж байна. Ингэснээр 280 орчим албан хаагчид хамаарагдана. Эхний ээлжинд 6 тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Харин цаашдаа жилд 1-2 тэрбум төгрөг зарцуулагдана"
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Онцгой хүнд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдынхаа цалин цавууг нэмэх асуудлыг дэмжихгүй яах вэ. Гэхдээ нэгдсэн бодлого байхгүй учир салбар бүрээр л цалин цавуу нэмэх асуудал орж ирж байна. Төр бодлого гаргах хэрэгтэй" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Цэгцтэй баймаар байна. Засгийн газрын бүтцэд байдаг төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа янз бүр байгаа учир үүнийг шийднэ гээд УИХ-ын гишүүд санал оруулж ирж байна. Засгийн газар үүнийгээ хийх ёстой. Аль нь илүү аваад, аль нь дутуу аваад байгааг харж байгаад жигд болгох асуудлыг Засгийн газар, хариуцсан яам нь шийдэх ёстой. Төрийн албыг хариуцсан ТӨЗ ч бий. Гэтэл нэг л замбараагүй байна. Сүүлдээ салбар салбарын хооронд уралдаан үүсэх нь. Тухайн салбарт ажиллаж байсан УИХ-ын гишүүд нь өөр өөрсдийн салбарын асуудлыг оруулж ирж тавьдаг болно. Энэ байдал 2-3 жил үргэлжилвэл салбарууд ялгаатай, дараа нь энэ асуудлыг цэгцлэхэд төвөгтэй эрсдэл бий болно. Ер нь Монголын нийгэмд ямар нэгэн зүйлд өөр өөр стандартаар хандаад байгаа нь хүмүүсийн дургүйг хүргээд байна. Ийм зүйл гаргамааргүй байна. Асуудал байгаа. Гэхдээ оруулж ирж байгаа, шийдэж байгаа арга зам нь буруу байна"
УИХ-ын дарга Г.Занданшатар "Үүнийг цогцоор нь авч үзэхгүй бол цаашдаа уралдаан болох нь"
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Суманд ажиллах боловсон хүчин дутагдаж байна. Тэнд ажиллах ажилчдыг нэмэх төрийн бодлого хэрэгжих ёстой. Шүүхийн шийдвэрийн албан хаагчид амьдралынхаа туршид өөрсдөө хоригдож байгаа хүмүүстэйгээ 24 цаг хоригдоод явдаг учир аймаг, нийслэл ажилласан улсуудыг 8 жилд 1 удаа 30 сартай нь тэнцэх хэмжээний цалинг нэмэх асуудлыг цогцоор нь явах боломж байна уу"
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Төрийн бодлого аль болох төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутаг ажиллаж байгаа албан хаагчдаа аль болох ажиллах нөхцөл бололцоогоор нь хангах, сонирхлыг нь нэмэгдүүлэх бодлого хэрэгжих ёстой гэдгийг ойлгож байгаа. Тэгэхгүй бол төрийн үйлчилгээг орон нутагт хүргэх албан хаагчид олдохгүй байна. Тиймээс орон нутагт ажиллаж байгаа албан хаагчдаа 5 жилд нэг удаа урамшуулдаг байх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүнгээ өгч байгаа. Энэ хүрээндээ хууль санаачлагчид аймгийн төв биш, сумдад ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдынхаа асуудлыг шийдэх шаардлагатай хэмээн оруулж ирсэн" гэсэн юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Танай байгууллага хүний эрхийг хариуцсан бүтэц, мэргэжилтэн байна уу. 2021 он гарсаар хүний эрхийг хэрхэн хамгаалж байна вэ. 461 дүгээр ангид иргэн Э.Одбаярын асуудал маш хүнд байна. Энэ хүний амь нас хохирвол хариуцлагыг маш чанга тооцно шүү. Олон Улсын тавцанд Монголын нэр хүнд унах болно. Учир нь энэ залуу үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийснийхээ төлөө хоригдсон. Тэгэхээр энэ нь маш ноцтой сэдэв шүү. Энэ хүнд эмнэлгийн тусламжаас гадна сэтгэл зүйн эмчилгээ хийж байна уу"
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "С.Одонтуяа гишүүний хүний эрхийг хамгаалахаар гаргаж буй саналтай санал нэг байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний 18 эрх хэзээ ч хаана ч зөрчигдөх эрхгүй" хэмээлээ.
ШШГЕГ-ын дарга Д.Загджав "ШШГЕГ-т хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь 24 цагаар камераар хянаж, жижүүрлэж байгаа. Сэтгэл зүйч хоригдож буй хүмүүстэй тулж ажилладаг. Иргэн Э.Одбаяр өнөөдөр 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал хэвийн. Даралт 100/70. Жингийн алдагдал 10 гаруй кг. Өлсгөлөнгөө сайн дураараа зогсоохгүй байна" хэмээлээ.