Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнх-Оргил: Гүйцэтгэх ажиллагааны зураг, бичлэг цацаж хүний нууцад халдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 55 секунд

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болсон ч АН-ын бүлгээс завсарлага авсан. Хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд -ийн талаар хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Хуулийн төслийг дэмжиж байна. Засгийн газраас өргөн барьсан өргөн цар хүрээтэй чухал хууль. Хувь хүний мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангах гэсэн заалт байна. Үүнийг харахад хадгалах гэдэг үг орхигдсон санагдаад байна. Аюулгүй байдлыг хангахаас гадна хадгалах явцад мэдээлэл алдагдвал яах вэ. Үүнээс гадна өөрт хамаарах гэр бүлийн гишүүд, хамтран амьдрагчтай хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулна гэсэн заалтыг ойлгохгүй байна. Жишээ нь, би өөрийнхөө хүүхдүүд, эхнэрийнхээ тухай мэдээлэл цуглуулах нь хүний эрхэд хамааралгүй хэрэг үү. Хувь хүний мэдээллийн нууцыг хадгалахтай асуудалтай хэрхэн уялдах юм. Гүйцэтгэх ажиллагааны явцад мэдээлэл цуглуулахтай холбогдсон харилцааг гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар зохицуулна гэж заажээ. Гэвч гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар сүртэй зохицуулаад байгаа зүйлгүй.

Гүйцэтгэх ажиллагааг шөнийн 03.00 цагт хийчихээд, өглөө 07.00 цагт гүйцэтгэх ажиллагааны бүх мэдээлэл нь хэвлэлээр цацагдаж байна шүү дээ. Хувь хүний нууц, гүйцэтгэх ажиллагааны нууц ч байхгүй. Хүний нэр төр гутаагдаад дуусч байна.

Хувь хүний мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл гэж хоёр хуваасан байна. Ажлын хэсгийн ахлагчийн тайлбарлаж байгаагаар хүний эмзэг мэдээлэл нь хуулийн тусгай зохицуулалттай юм байна. Гэхдээ эмзэг гэдэг үг нь монголоор бууж өгөхгүй юм. Эмзэг эрхтэн байж болно. Эмзэг мэдээлэл гэдэг нь юу гэж байгаа юм.

Мөн хуулийн 4.1.6-д мэдээллийн эзэн гэж байна. Бид хуулийг нь уншчихсан учраас мэдээд байна. Гэвч уншаагүй иргэдэд мэдээллийг нь цуглуулаад хадгалж байгаа хүнийг хэлээд байгаа юм шиг ойлгогдоод байна. Уг нь бол тухайн мэдээлэлтэй холбоотой л хүн юм шиг байна. Нэр томъёонуудаа жаахан янзалмаар байна"

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал "Ажлын хэсэг дээр нэр томъёонуудад анхааръя. Хувийн мэдээлэл, эмзэг мэдээлэл гэж ангилж байгаагийн гол шалтгаан нь хүний төрсөн он сар өдөр, оршин суугаа хаяг ч гэдэг юм уу мэдээллийг авдаг. Мөн хурууны хээ уншуулж, мэдээллийг нь авах гэх мэт асуудал бий. Тиймээс хүний хувийн мэдээлэл, эмзэг мэдээллийг ялгахгүй бол болохгүй.

Хувийн мэдээлэлд бол байршил, боловсрол, гишүүнчлэл зэрэг шууд бусаар тодорхойлогдох боломжтой мэдээллүүд ерөнхий байдлаар заагдана. Энэ хууль гарснаар мэдээллийн эзэн л өөрийнхөө мэдээллийг хамгаалах биш, мэдээллийг хариуцагч бас давхар хувь хүний мэдээллийг хамгаалах үүрэг хүлээнэ" гэв.

АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.