Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намуудын зовлон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
14 минут 57 секунд

Нам гэж ойлголт латин хэлний “pars” буюу “бүлэг” гэх үгнээс гаралтай ба ийм улс төрийн сонирхлын бүлэг МЭӨ 5-р зууны эртний Грек, Ромд үүссэн гэдэг. Харин сонгодог утгаараа 1861 онд Англид анхны улс төрийн нам байгуулагдсан. Нам нь нийгмийн байгууламж дотроос харьцангуй ихээр судлагдаж, онолжсон институти. Үзэл баримтлал, хэв загвараас нь шалтгаалж тухайн улс оронд үзүүлэх үр дагавар нь нотолгоо, сорилтуудаар нэлээд тодорхой болсон гэхэд болно. Судлаачид, улс төрчид намыг янз бүрээр тайлбарлаж, тодорхойлж ирсэн. Жишээ нь Ленин “нам бол масс” гэж онолдсоноор улс орныг бүхэлд нь хамарсан төрийг шууд орлодог намын бүтэц буй болов. 1990 оноос өмнө засаг, захиргаа, салбар хүрээ, албан байгууллага хүртэл намын үүртэй байжээ. Олуулаа бол хүчтэй гэсэн энэ онол нь эцэстээ олшрох тусам түгшүүртэй, матаас, айдсын тойргийг үүсгэсээр коммунизмийг итгэл үнэмшлийн түвшинд оршин тогтнох боломжгүй болгосон юм.

Хүйтэн дайн дуусч коммунист лагер нурснаар энэ бүсэд хамарч байсан орнууд улс төрийн намуудын үүргийг шинээр авч үзэх болов. Ардчилсан шилжилт амжиллтай хийсэн оронд нам нь уян хатан, цомхон, ил тод төрийн бус иргэний нийгмийн институти болон өөрчлөгджээ. Хэлбэр төдий олон намын тогтолцоотой КГБ-жсэн бүтцээ авч үлдсэн улсууд голдуу хагас дэглэмрүү орлоо.

Бид ч үндсэн хуулийн шинэчлэлээр төр, нийгмийн байгууллыг ардчиллын зарчимд нийцүүлэн өөрчилсөн. Гэтэл намын загвар хэвээрээ харин санхүүжилт ойлгомжгүй хоцорсон.

Юуны түрүүнд нүсэр бүтэц, олон мянган хатуу гишүүнчлэлтэй нэг л нам байсан бол яг тийм загвартай хоёр дахь намыг бий болгожээ. Өдгөө хоёр том болон бусад жижиг намууд нийлээд 500 мянга гаруй гишүүнтэй. Энэ нь нийт хүн амын 15 хувь, сонгуулийн насны иргэдийн гуравны нэг нь гэсэн үг. Ингэж бид нийгмээрээ намжсан улс орон болж хувирлаа. Хятадын коммунист нам дэлхийн хамгийн их буюу 76 сая гишүүнтэй. Энэ нь нийт хүн амынхаа ердөө 4 хувь.

Нэрт филосифич Карл Поппер “намууд олон байх хэрэггүй” “парламент намын биш сонгогчдын төлөөлөл байх ёстой” гэж үзсэн байдаг.

Нам гишүүнчлэлээр хяналтаа тогтоох КГБ-жсэн систем үүсгэх тусам олон нийтээс тусгаарлагдаж цөөн хүрээнд хумигдаж бодлого нь ахуйн хэмжээнд хүрч жижгэрдэг жамтай ажээ.

Манай намуудын эхний зовлон нь гишүүнчлэлээс эхтэй. Бүх шатны сонгууль асар их зардал, хүн хүчээр явагддаг. Ялсан нам нь гишүүддээ ямар нэг байдлаар өртэй хоцорно. Ажилд томилох, ахуй наймааг нь дэмжихээс эхлээд ач зээг нь сургуульд оруулах гэх мэт. Нэгэнт нүсэр бүтэц, компаничилсан гишүүнчлэлээр өрсөлддөг тогтолцоо бүрдсэн байхад түүний эсрэг ямар ч эрүүл улс төрийн нам, хөдөлгөөн тэмцээд амжилт олохгүй. Нам ингэж хэдэн мянгаар нь гишүүн элсүүлэх атлаа мэдлэг боловсрол, ёс суртахууны тал дээр нь ямар ч шалгуургүй.

Намын гишүүдийг компанчилсны эхний том хохирогч нь төрийн алба болсон. Нэг амьсгаагаар 18 мянган төрийн албан хаагчийг ажлаас халсан түүх саяхных. Төрийн алба хууль, стандарт хэрэгжүүлэхээс илүүтэй сонгуулийн мөчлөг дагасан улс төрийн бодлогод хөтлөгддөг хамжлага алба болж хувирлаа. Боловсон хүчний хувьд ч шалгуур нь шалан дээр хэвтэв. Сумын төвд согтуу явсан нөхөр депутатынхаа өмнөөс сөрөг намын даргаа зодож гавьяа байгуулаад маргааш нь агентлагийн дарга болсон түүх ч бий. Чадваргүй хүмүүс дээр нь гараад удирдсан ийм жишээ хар мянга.

Олон талаар горыг нь амссаны эцэст төрийн албыг намаас ангид болгож, улс төржиж халахгүй байх баталгааг хуульчилж, шалгалт шүүлгэтэй болгосноор бага ч болтугай дэвшил гарсан. Гэтэл шууд халж солих нь хязрааглагдаад эхэлмэгц дарга, даамлын орон тоо нэмэгдсээр төр хэд дахин данхайлаа. Элдэв орлогч дарга, зөвлөх сэтэртэнгүүд хаа сайгүй. Зарим агентлаг 6 дэд даргатай болжээ. Дүүргийн хурал орлогч даргатай болж шинэ жишиг саяхан тогтоосон юм билээ. Ингэж татвар төлөгчдийн хөрөнгө нийгмийн үйлчилгээнд хүрэлцэхгүй төрийн бүдүүн бүтцийг хангахад хамаг тамираа барах боллоо.

Зөвхөн төрийн алба хохироод зогсохгүй нам нь чөлөөт эдийн засгийн хамгийн том дайсан боллоо. Өдгөө 105 төрийн өмчит аж ахуй нэгжид 51 мянга орчим хүн ажиллаж байгаагийн дийлэнх нь ямар нэг депутатын сонгуулийн ухуулагч гэхэд хилсдэхгүй. Төрийн өмчит компани 10 хүнтэй хувийн аж ахуйн хийх ажлыг 100 хүнээр хийх атлаа 10 дахин бага баялаг бүтээж, 10 дахин зардлаар ажиллана. Төрийн эзэмшлийн давуу эрхтэй эдгээр компаниуд хар зөнгөөрөө л чөлөөт эдийн засгийг боомилж хамаг ашиг шимтэй бүхэнд эзэн суусан.

Цаашлаад ардчилсан сонгуульд ч эрсдэл учирлаа. Саях болж өнгөрсөн Сонгино хайрханы сонгуульд сонгогчдын 38 хувь нь оролцож тэндээсээ 51 хувь нь МАН-ын нэр дэвшигчид санал өгчээ. Ирц хүрсэнгүй. Дахин санал хураалтанд ирцийн босгогүй учраас огт хүн нэмж саналаа өгөхгүй ч байж болно. Ингэж нийт сонгогчдын 20 хувийн саналаар УИХ-ын гишүүн сонгогддог болов. Сонгуулийн төлөөллийн зарчим үндсэндээ алдагдаж эхэллээ.

Намын удаах зовлон нь санхүүжилтийн асуудал. Санхүүжилт нь бүтэцтэйгээ шууд холбоотой. Жишээ нь МАН нэг төв аппарат, аймаг, нийслэлийн 30 хороо, 169 хорооны хороо, 532 үүртэй. Энгийн тооцоо бодоод үзье. Төв аппарат 100 орчим ажилтантай ба жилийн зардал нь 2 тэрбум төгрөг дөхнө. Аймаг, дүүргийн намын хороо цалин цавуу, хурал цуглаан гэсээр жилд 300 сая төгрөг зарлагдана. 330 суманд байх намын үүр ядаж нэг галчтай. Жилийн зардал нь хамгийн багадаа 10 сая. Ахмадын баяр, цагаан сар, шинэ жил гээд гишүүдээ ивэхжүүлж урамшуулахад нэг үүр багадаа 10 сая төгрөг зарцуулна. Нийслэлийн намын хороо гэж том айл бас бий. Гээд бодохоор нам сонгуулийн бус жилд 20 орчим тэрбум төгрөгийн зардлаар ажиллаж байгаа юм.

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн дундаж зардал 1.8 тэрбум төгрөгт хүрсэн гэж ННХ-гийн судалгаанд дурджээ. 76 нэр дэвшигч 136.8 тэрбум төгрөг зарлагдсан гэсэн үг. СЕХ-нд өгсөн нээлттэй тайланд МАН Ерөнхийлөгчийн сонгуульд 4.7 тэрбум төгрөг зарцуулсан гэжээ. Энэ тоонуудыг нэгтгээд харвал сонгуулиас сонгуулийн хооронд нам 221 тэрбум төгрөгийн зардлаар ажиллаж байна. Үүнийг дөрвөн жилд хуваахад 55 тэрбум. Гээд бодохоор мөнөөх 60 тэрбумын хэрэг чинь хэрэг биш тогтсон жишгийг гэрэлд цохиулсан төдий л юмаа даа. Баригдаж тэнэгтсэн болохоос намаа санхүүжүүлэх гэсэн ачтанууд юм бишүү бараг л.

Эцэстээ нам үзэл баримтлалаас биш ахуйгаас, боловсон хүчнээс биш хөрөнгө мөнгөнөөс хараат институти болж даамын наймаачдын гарт орсон. Аль нэг дүүргийн иргэдийн хуралд очоод үзээрэй. Тэр хавийн найман нэр, зочид буудал, зоогийн газрын эзэд ороод суучихсан л байгаа. Энэ маягаар хувийн бизнес, аж ахуйн сонирхлоо хуулиар хамгаалж, төсвөөр тэтгэж, төрийн бүтцээр хэрэгжүүлдэг байдал хавтгайрлаа. Төр үүссэн цагаас авлига, эрх мэдлээ хэтрүүлэх асуудалтай нүүр тулж ирсэн. Улс орнууд үүнтэйгээ тэмцдэг болохоос манайх шиг хавтгай үзэгдэл, нийтлэг хэмжүүр болтол нь төлөвшүүлдэггүй.

Нам өдгөө Монголын хамгийн том далд эдийн засаг, авлигийн офшор бүс болжээ.

Их хулгай, шамшигдуулалт дунд азгүй байдлаар гэрэл цохиулах нь цөөнгүй. Энэ далимаар “чиний баримтыг дэлгэнэ, зарлана” гэж шантаач хийдэг анги ч гараад ирлээ. Хуультай оронд гэмт хэрэгтэнд тооцогдох хүнд гар, шантааччин, эрүүгийн элементүүд манайд сайд дарга болоод л дэвшээд байгаа нь улс төрийн тогтолцооны алдаа юм.

Мөн тогтолцоог анхнаас нь бүтээгч, оролцогч нар үр хүүхдээ яг энэ системд нь зориулж бэлтгэн нийлүүлж эхэллээ. Төсвийн хөрөнгөөр гадаадад боловсрол эзэмшиж, ургийн хэлхээгээр ажилд томилогдсон тэдэнтэй жирийн ард түмний хүүхэд өрсөлдөх аргагүй. Тэд хуулийн дагуу л дэвшинэ. Боловсрол байна уу? байна, төрд ажилласан уу? ажилласан. Ямар хууль зөрчсөн гэж... гэтэл мөн чанартаа жирийн ардын ямар ч хүү мянга хүсээд ч олдохгүй шударга бус өгөгдөл, тэгш бус гараанаас тэдэнтэй уралдана. Каст ингэж л бүрддэг.

Сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн санхүүжилт улам томорсоор дааж давахгүй хэмжээнд тулж эхнээсээ дампуурах боллоо. АН-ын өнөөгийн дампуурал бол мөн чанартаа санхүүгийн дампуурал юм. Уг нь цагтаа тэд чинь аймгийн намын шинэ жил дээрээ “Абба”-г дуулуулж тансаглаж явсан нөхөд шүү. Одоо тэрнийхээ хариуг нэг сайн хүртэж яваа улс.

Зарим эх орончид бүх намыг тараая, татан буулгая гэж орилох нь бий. Гэвч мянга муу байлаа гээд Монгол Улс намгүй болж болохгүй. Хүн төрөлхтөн намаас өөрөөр ардчилсан засагллыг бүрдүүлэх тохиромжтой хувилбар олоогүй явна. Эцэст дүгнэхэд:

Нэгдүгээрт нам нүсэр бүтэц олон мянган гишүүн элсүүлдэг байдалд цэг тавих хэрэгтэй. Улс төрийг сонирхдог 10 мянган хүн байдаг ч юм уу үгүй ч юмуу. Тодорхой идэвхтэй хүрээгээ хамарч сонгуульд яллаа гэхэд очих албан тушаал, хүрэх эрх мэдэл нь гишүүн бүрт ойлгомжтой байдаг боловсон хүчин төвтэй загварт шилжих шаардлагатай. Хатуу гишүүнчлэлийг больё гэж их ярьдаг. Гэвч манайдаа энэ нь ойрын хугацаанд бүтэхгүй асуудал. Улс төрийн шинэчлэлийг МАН-ын оролцоогүйгээр хийх бололцоогүй. Учир нь МАН зүгээр ч нэг нам биш Монголын улс төрийн тогтолцооны уг сурвалж нь юм. Тэдний тогтсон загварыг хүндэтгэж нэг шат ахисан дундын процесст орох нь хамгийн боломжтой арга Ийм яриа хэлэлцээр л улс төрийн шинэчлэлийг нэг шат ахиулна гэхээс аль нэг талынхаа хөрс суурийг улгүй арчих эрс алхам хийнэ гэвэл хэзээ ч ойлголцолд хүрч урагшилахгүй. Тэгэхээр нам гишүүний тоо нь хязгаарлагдмал, дэмжигчдэд нээлттэй бодлогын институти болох шаардлагатай. Аль нэг намын гишүүн нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй гэдэг ч юмуу.

Хоёрдугаарт намын санхүүжилтийг ил тод болгож төсвөөс хариуцах. Татвар төлөгчдийн хөрөнгөөр намыг тэжээх нь гэж буруутгах л байх. Гэвч далд, тойруу замаар хэдэн зуун тэрбумаар намууд тэжээгдсээр л байна. Тэгэхээр татвар төлөгчид намтайгаа шударгаар тохирч цалинг нь өгч шаардлагаа тавьдаг болох хэрэгтэй. Төсвөөс санхүүжинэ гэхээр түмэн олон нам байгуулах уралдаан өрнөж магад. Парламентад бүлэгтэй намыг төсвөөс санхүүжүүлэх гэх мэт шалгуур тавих нь мэдээж. Хэмжээ хязгаар тавихгүй бол хүссэнээрээ төсөв зохиож ёроолгүй сав шиг аашлах нь ойлгомжтой. Тиймээс санхүүжилтэд баригдсан бүтцийг хуульчилж өөр илүү дутуу сүлжээ үүсгэх замыг нь хаах хэрэгтэй.

Гуравдугаарт сонгуулийн зардлыг байж болох хамгийн бага түвшинд хүргэх шаардлагатай. 1.8 тэрбум төгрөг зарлагдсан депутат яаж ч нийтийн эрх ашгийн төлөө ажиллах вэ дээ. Гарлагаа нөхөх, өр төлбөрөө төлөх асуудал нэгдүгээрт эрэмблэгдэх нь хэнд ойлгомжтой. Сурталчилгааны самбаруудыг тогтсон цэгт ижил хэмжээтэй байрлуулах, сонин сэтгүүлийг нэгтгэж хэвлэх, ухуулагч биш сонгуулийн хороо нь тараах гэх мэт ухаалаг зардал багатай шийдлүүд их байдаг л юм билээ.

Илүү сайн хувилбарууд байж болох ч өнөөдөртөө бидний хүрч чадах бодит өгөгдөл л энэ бөлгөө.

Нийтлэлч Г.Мөнхсүх

Л.Халтар сайдаас дахиж хариуцлага нэхэж “болохгүй“
Л.Халтар сайдаас дахиж хариуцлага нэхэж “болохгүй“
 
Зоригтой, Зориггүй 26 жил
Зоригтой, Зориггүй 26 жил
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.