Ирэх онд Хэнтий аймагт хоёр нисэх буудал барихаар төсөвлөжээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нисэх буудлыг 9.9 тэрбумаар, Дадал сумын нисэх буудлыг 5 тэрбум төгрөгийн өртгөөр барихаар болсон байна.
Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар "2021 онд баригдаж буй уг төслүүдийн ажлыг ирэх онд дуусгана. Цоо шинээр хийх гэж байгаа асуудал биш. Өөрөөр хэлбэл, Чингис хотын Өндөрхаан буудал нь шинэчилсэн вокзалын барилга. Дадал сумын Дэлүүнболдог нисэх буудал нь вокзалын барилга бөгөөд одоогоор 60 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Өмнө төсөв дутуу тавигдсан байсан учраас ийм хэмжээний гүйцэтгэлтэй байгаа юм. Олон газар сэглээд яахав гэж бодсон учраас ямар ч байсан эхэлсэн ажлуудаа дуусгаад үе шаттай явья гэх зарчмыг барьсан" гэх тайлбарыг өгсөн.
Хэдийгээр "Хааны өлгий нутгийг аялал жуулчлалын бүс болгоно" хэмээн тус хоёр суманд нисэх буудал барьж байгаа нь энэ цаг үед хэр зөв бүтээн байгуулалт вэ. Аялал жуулчлал талаасаа Хэнтий аймаг Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг баруун аймгууд болон Хөвсгөл, Архангай зэрэг хангайн бүсийн араас ордог. Мөн нийслэлтэй ойр, зам харгуй нь харьцангуй асуудал багатай, автомашинаар хэдэн цаг давхиад хүрэх газарт хоёрын хоёр нисэх буудал барьж байгаа нь хэтэрхий цаг үеэ олоогүй ажил байлаа гэх шүүмжлэл дагуулж байна. Түүнчлэн цар тахалтай холбоотойгоор ойрын 1-2 жилд дэлхий дахинд аялал жуулчлал өмнөх шигээ өргөн цар хүрээтэй байхгүй нь ойлгомжтой болсон.
Үүнээс гадна, нэг аймагт хоёр нисэх буудал барилаа ч нисэх онгоц нь бэлэн үү гэх асуудал гарна. Эдийн засгийн үр нөлөө, ашиг орлого нь ямар байх судалгааг хийсэн үү. Жуулчин хүлээж авах нь битгий хэл олон улсын нислэг гүйцэтгэдэг МИАТ ТӨХК нь дампуурлаа зарлахад хуруу дарам зай үлдсэн нөхцөлд "Овоогоо босгосон байхад шаазгай ирээд суух нь тодорхой" гэж асуудалд хандаж байгаа бололтой.
МИАТ хүн зөөж чадахгүйд хүрч, онгоцныхоо суудлыг аваад карго буюу ачаа тээвэр хийж байна. Онгоцуудаа бусад улс оронд түрээслүүлэх замаар “амь” аргацааж байна. Нисэх буудал барих туйлын шаардлага байсан гэж үзэхэд, энэ жилдээ төсөвт тусгахын оронд түр хойшлуулан, элэгдэж муудсан хэдэн эмнэлгийнхээ засварын ажилд зарцуулсан бол ковидын хүнд ачааг нуруундаа үүрч буй эрүүл мэндийн салбарт дэмтэй байх байв.
Хэнтий аймагт төсвийг ихээр зарцуулж буй нь анхны тохиолдол биш. Тухайлбал, өнгөрсөн онд Хэнтий аймаг 60,2 тэрбум төгрөгийн төсөв тусгуулснаас 38 шинэ ажлыг/ хөрөнгө оруулалт/ 29,5 тэрбум төгрөг хийж хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан. Энэ нь бусад аймгуудаас даруй 5-6 дахин их төсөв тусгуулсан хэмээн шүүмжлэлд өртөж байв.
Мэдээж энэ бүхнийг Хэнтий аймгаас сонгогдсон Ерөнхийлөгч /2020 оны УИХ-ын сонгуульд/ , Ерөнхий сайд нартай холбож үзэх хандлага олон нийтийн дунд байна.