УГТЭ-ийн уушги судлалын тасгийн их эмч Д.Мөнх-Эрдэнэ ковид19 халдварын үеийн амьсгалын эрхтний нөлөөллийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийт халдвар авч буй хүмүүсийн 81 орчим хувь нь халдварын хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа хэдий ч ковид19-ийн шалтгаант хатгаа өвчний хүндрэлээр 14 орчим хувь нь өвдөж байгаа юм. Үүнээс шалтгаалан амьсгалын дутагдалтай, эрчимт эмчилгээнд хэвтэх шаардлагатай өвчтнүүдийн тохиолдол ойролцоогоор нийт халдварын тохиолдлын тав орчим хувийг эзэлж байна.
Халдварын шинж тэмдэг илэрч эхэлснээс хойш 7-10 дахь хоногт амьсгалын эрхтний хүндрэл буюу амьсгалын дутагдлын зовиурууд нэмэгдэж байна.
Өвчтнүүдэд зонхилон тохиолдож буй зовиур нь ядарч сульдах, үе мөч булчингаар өвдөх, амьсгаадаж давчдах, цээж орчим тавгүй оргих зэрэг зовиурууд урт хугацаанд буюу 3 сар түүнээс дээш хугацаагаар үргэлжилж байгааг олон улсын судалгаанд дурьджээ.
Ковид19 халдварын дараах уушгины хатгаатай өвчтнүүдийн 42-66 хувьд нь амьсгаадах, амьсгал давчдах шинж тэмдгүүд нь урт хугацаанд үргэлжилсэн.
Халдварын дараах 6 сарын хяналтын уушгины үйл ажиллагааны шинжилгээ болон ачаалал даах чадварын үнэлгээний судалгаанд хамрагдсан өвчтнүүдийн дөрөвний нэг хувь нь хэвийн үзүүлэлтээс бууралттай өөрчлөлт үргэлжлэн хадгалагдаж байжээ.
Иргэд та бүхэн үргэлжилсэн буюу нэг сар ба түүнээс дээш хугацаанд хатгаа өвчний зовиур илэрч байвал эмчид хандан, шаардлагатай хяналтын шинжилгээг хийх нь зүйтэй" гэлээ.