УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн илтгэлийг сонслоо. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үг хэллээ.
Тэрбээр "Төрийн албаны шинэчлэл гэдгийг ойлгож, мэдэрч, ухаарах цаг ирсэн. Төрийн албаны хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх гэхээр олон нөхцөл байдал үүсдэг. Шатлан дэвших тогтолцоог юу гэж ойлгох вэ. Мерит тогтолцоог юу гэж ойлгох вэ. Монголын төрд хамгийн чадварлаг, туршлагатай, мэдлэгтэй хүмүүс орж ажиллах боломжийг бид их хаасан. Мэдлэггүй, чадваргүй хүнд сурталсан царайлсан хэдэн нөхөд олон жил ажилласнаараа түрүү бариад дарга гэсэн ширээтэй зууралддаг төртэй болсон. Ард иргэд яагаад төрд итгэхээ байсан гэвэл өөрөөс нь мэдлэггүй хүмүүс толгой дээр нь гараад суусан учраас ард иргэд бухимдаад байна.
Боловсролын хүрээлэнд 15 жил ажилласан хүн яагаад яамныхаа газрын дарга болж болохгүй гэж. Ийм эрх байхгүй. Гэхдээ нэг зүйлийг ойлгох ёстой. Бид төрийн албаны хуулиа арай эртдээд хийсэн гэж бодоод байгаа. Монголын төрд зүтгэж байгаа 200 мянга орчим хүнээс чадварлаг менежерүүд маш ховор. Бид хүний нөөц цөөхөн ард түмэн. Дарга болсон бол 3-5 жилийн дараа дахиж ажлаа үнэлүүлээд хариуцлага алдсан бол албан тушаал буудаг байх хэрэгтэй. Үргэлж дээш ахих ёсгүй" гэв.