ШӨХТГ-аас "Эхлэл" брэндийн үйлдвэрлэж буй "Hulan-21" гар утсыг БНХАУ-ын Хонг Конгоос ирсэн DOOGEE X96 Pro утсыг хуулбарласан гэх мэдээллийг эрс үгүйсгэж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл уг асуудалд ямар хяналт шалгалт хийсэн талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-ШӨХТГ-аас "Эхлэл" брэндийн үйлдвэрлэж буй HULAN 21 PLUS гар утастай холбоотой асуудалд хяналт шалгалт хийсэн байна. Энэ дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?
-ШӨХТГ руу "Эхлэл" брэндийн зүгээс HULAN 21 PLUS гар утастай холбоотой асуудлаар иргэдийн дунд төөрөгдүүлэх мэдээлэл гарч байгаатай холбогдуулан хяналт, шалгалт хийж албан ёсны хүсэлт ирүүлсэн. Иргэдийн зүгээс ч мөн асуудлыг хөндсөн. Иймд БНХАУ-ын DOOGEE гэх компани руу албан ёсоор хандсан. Тус компаниас албан ёсны хариуг ирүүлсэн. Мэдэгдэлд тус компани нь "Эхлэл" брэндтэй байгуулсан албан ёсны гэрээний дагуу хамтран ажилладаг ба HULAN21 төслийн эцсийн үр дүн болох HULAN21 PLUS нь БНХАУ-ын Хонг Конгоос ирсэн DOOGEE X96 Pro утсыг хуулбарласан гэх мэдээллийг эрс үгүйсгэж байгаа талаараа дурдсан албан бичиг нь ШӨХТГ-д ирсэн.
-ГЕГ-ын хяналт шалгалтаар гар утасны сэлбэг хэрэгсэл хэмээн оруулж ирж, татвараас зайлсхийсэн асуудлыг гаргаж тавьсан. Тэгвэл "Эхлэл" брэндийн хамтран ажиллагч байгууллагаас авч буй мэдээллээр Гаалийн байгууллагын мэдэгдлийг үгүйсгэж байгаа юм уу?
-Гаалийн байгууллагаас гаргасан мэдээллийг харсан. ГЕГ-аас импортын татвартай холбоотой асуудал гэж ойлгосон. Тухайн DOOGEE X96 Pro утсыг оруулж ирж, "Эхлэл" брэндийн логог тавьж зах зээлд гаргах гэж байгаа асуудал биш гэж харж байна. Хэрвээ ийм байдлаар мэдэгдсэн бол маш хариуцлагагүй мэдэгдэл. Тухайн нийлүүлж буй буюу хамтран ажиллаж буй компанитай холбогдохгүйгээр системтэй холбоотой асуудлыг шууд тайлбарлах нь ШӨХТГ, ГЕГ-ын ч үүрэг биш. Иймээс "Эхлэл" брэнд болон хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтэд үндэслэн БНХАУ-ын DOOGEE компанид хандсан.
-Цаашид уг асуудалтай холбогдуулан ШӨХТГ-аас зохих хяналт, шаардлагуудыг тавих боломж бий юу?
-"Эхлэл" брэндийн хувьд гар утсыг Монгол Улсад үйлдвэрлэж байна гэж огт хэлээгүй шүү дээ. Угсарч байна гэдгээ зарласан. Тэгэхээр угсралтын процесс гэж харж байгаа. Хоёрдугаарт, Google-ийн албан ёсны эрхтэй, баталгаажуулалтаа авчихсан гэх зүйлийг ярьж байна. Тухайн платформын үйлдлийн систем нь эхлэхдээ хүртэл монгол хэл дээр байгааг харсан байх. Үйлдлийн системээ баталгаажуулалтаа Android дээр хийсэн гэдгээ "Эхлэл" брэндээс ч мэдээлсэн. Цаашид Microsoft компани хамтарч ажиллах зүйлсийг ч ярьж байгаа. Ер нь аливаа зүйл шударга л байх ёстой. Монгол Улсад өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүнийг угсарсан ч, үйлдвэрлэхэд ч тодорхой хэмжээнд ажлын байр бий болгож байгаа тохиолдолд аль болох дэмжих ёстой. Мэдээж хуулийн хүрээнд.