Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Булгамаа: Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охидыг төрийн хамгаалалтад авдаг зохицуулалт үгүйлэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 19 секунд

Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Охидоо хамгаалъя” сэдвээр хуульч Р.Булгамаа хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр “Монгол Улсад үйлдэгдэж буй гэмт хэргүүдийн дунд хүүхэд гэмт хэрэгт өртөх, хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол өссөөр байна. Ялангуяа охидын эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг газар авч байна. Ноцтой хэрэг гарахад, бид нийтээрээ нэг хэсэг шуугиад мартаад өнгөрдөг. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд төр мэргэжлийн байгууллагууд төдийлэн оновчтой бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Хүүхдийн эрхийн хамгаалал, хүүхдийн бэлгийн халдашгүй дархан байдлын асуудалд иргэний нийгмийн цөөн хэдэн байгууллага дуу хоолойгоо илэрхийлдэг.

Хүчирхийлэлд өртсөн охид амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ирээдүйд итгэх итгэлээ алддаг. Түүнчлэн эр хүнийг үзэн ядах хандлагаар хүмүүжихэд хүрч байна. Сүүлийн таван жилийн байдлаар Монгол Улсад 1400 орчим охид бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Бид энэ л өдөр уг асуудлыг хөндөж, хүчирхийллийн хэргийн талаар сонсдог, хүлээн зөвшөөрдөг байдалдаа цэг тавихыг ард иргэд, төр засагтаа уриалж байна.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас зөвхөн гэмт хэрэгтэнд хорих ял оногдуулдаг эсвэл хариуцлага хүүлээлгэж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн сэтгэл санааны асуудлыг нь тооцон сэтгэл санааны нөхөн олговор олгодог зохицуулалт Монгол Улсад байхгүй. Хохирогч болсон хүүхдүүд өөрсдөө эрүүл мэндийн байгууллагаар үзүүлж, хүнд сурталд дарагдан гэмт хэргийн хор уршгийг даван туулж байна. Энэ төрлийн гэмт хэрэг гарахад аль сургуулийн хэддүгээр ангийн, хэн гэдэг хүүхэд болох талаар мэдээллийг уралдан мэдээлдэг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэх орчин нь ахуйн шинжтэй болж байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охидын гэмт хэрэг шийдэгдэж дуустал төрийн хамгаалалтад авдаг зохицуулалт үгүйлэгдэж байна.

Хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр салбар дундын зохицуулалтыг сайжруулахад төрийн нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байна. Хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр хүүхдийн байцаагчийн орон тоог бий болговол хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргүүд буурна гэж байсан. Тийм ч учраас ЦЕГ-ын дэргэд хүүхдийн 150 гаруй байцаагч ажиллаж байна. Гэхдээ тэд сандал дээрээсээ хэрэг бүртгэлийн дугаар нээгээд суудаг албан тушаалтнуудын тоог нэгээр нэмлээ. Хүүхдийн эрхийг хамгааллийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс үр өгөөжтэй ажиллахыг энэ хэвлэлийн хурлаар уриалж байна” гэлээ.

Э.Дэлэгнанзадмаа

О.Дашпагма: Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байна
О.Дашпагма: Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.