Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь нутагт сая мод тарихаар ажлаа эхлүүлсэн В.Дамдинсүрэн: Говьд мод ургуулах нь нялх хүүхэд арчлахтай адил

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 8 секунд

Монголын говь нутагт цөлжилт элсний нүүдэл, бэлчээрийн доройтол тартагтаа тулаад буй. Үүний нэг жишээ нь өнгөрсөн хавар говийн аймгуудаар өнгөрсөн шорооны улмаас арав гаруй хүний амь нас эрсдсэн харамсалтай үйл явдал ч болоод өнгөрсөн. Тэгвэл төрөөс нэг ч туслалцаа дэмжлэг авалгүй говь нутагт сая мод тарих ажлаа эхлүүлсэн В.Дамдинсүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Говь нутагт сая мод тарья гэсэн санаагаа хамгийн анх хаанаас авсан бэ?

-Би ер нь хөдөө их явдаг. Төрсөн нутагтаа очно. Хараад байхад нутаг ус маань нүдэн дээр л цөлжөөд байх юм. Энэ нь хүний буруутай үйл ажиллагаанаас л болж байгаа шүү дээ. Уул уурхай ихсэж байгаль орчин сүйдсэнээс болж чихэр өвс ургахаа болиод байна. Чихэр өвс нь өөрөө гүний усыг их татдаг эмийн ховор ургамал. Гэтэл уг ургамлыг сүйтгэснээс болж тэр нутгийг яаж гоё ногоон болгох вэ гэж бодож, бодож 10 гаруй жил судалгаа хийсний үндсэн дээр сая мод тарих боломжтой гэж харсан. Харин модоо тарьж эхэлсэн хэдий ч ковидоос болоод зорьсон зорилгодоо арай хүрээгүй л байна.

-Говь нутагт олон мянган мод тарина гэдэг нэлээд хүнд асуудал ч байж магадгүй. Тэгэхээр говьд мод тарихад арчилгааны хувьд ямар байдаг вэ?

-Хангайд мод тарих ер нь бол амархан яагаад гэвэл хур ихтэй байдаг шүү дээ. Харин говьд бол өөр хэрэг. Хаврын тэр их элсэн шорооноор модыг амьд байлгана гэдэг маш их хариуцлага шаарддаг. Яг л нялх хүүхдийн нүд рүү элс орсноос өөрцгүй зүйл болдог гэх юмуу даа. Тиймээс маш сайн арчлах хэрэгтэй. Харин дараа нь харуул хамгаалалт сайн байх хэрэгтэй. Төрөөс энэ ажлыг минь дэмжиж ажлын байр гаргаж өгөх хэрэгтэй. Дараагийн асуудал бол сайн чанарын хашаатай байх хэрэгтэй. Өөрөө биеэ даагаад ургаж чадахаар болох хүртэл нь арчилгаа чухал.

Мод тарихаас өмнөх зураг

-Одоогийн байдлаар та говь нутагт хэчнээн мод тариад байна вэ?

-Хоёр жилийн өмнө нутгийн унаган ургамлыг судалж аваачиж тарьж байлаа. 6 мянга гаран улиас тариад байна. Нэмж хэлэхэд, өөр нутгийн ургамал тарьж болохгүй. Судалгааны үр дүнд говийн бургас говьдоо л ургадаг болохоор эхний ээлжинд таван мянган бургасаа тарьсан. Тэрнийхээ дараа хайлаасууд нэмж тариалж байна. Ямар учиртай вэ гэхээр салхинаас хамгаалж байгаа юм. Хамгийн ард талд нь хайлаас улиасаа тарьснаар элсний нүүдэл нь ч багассан байна.

Одоо ургаж буй мод

-Ер нь модыг хэдээс хэдэн метрийн зайтай тарих вэ. Мэдээж нарийн зохион байгуулалт шаардагддаг байх?

-Тэрийг эрдэмтдийн баг судалж шинжилсний үдсэн дээр гаргаж ирдэг. Миний хувьд мод хоорондын зайндаа тэжээлийн ургамал тариалах зохион байгуулалт төлөвлөлтийг хийсэн. Дээр нь жимс жимсгэнэ ч тариалах зай талбайтай байгаа.

-Говьд ямар төрлийн мод тарьвал илүү ургаж үр дүнтэй байна гэж та харж байна?

-Хамгийн гол нь нутаг нутгийн онцлох ургамын судалгааг нь хийж, яг говийн унаган ургамлын тарих хэрэгтэй. Шууд очоод хайлаас тарихгүй. Нутгийн ургамлыг нь зайлшгүй судална. Жишээлбэл, Өмнөговь талдаа бол заг сухай голлон ургана. Дундговийн нутгаар харгана хармаг ургадаг шүү дээ.

-Таны мод тарьж байгаа сум өмнө нь ямар байдалтай байсан юм бэ. Одоо яг ямар болсон байна вэ?

-Баянхонгорын Баацагаан сум намайг хүүхэд байхад зүгээр л Баянбүрд байсан. Хэдэн мянган бод явахад харагддаггүй байсан. Одоо бог малын туурайгаар татахааргүй ургамал л үлдсэн байна. Чихэр өвсийг нь ухаж малтсаар элсэн цөл болсон газар гэх үү дээ. Тийм зүйл хараад сэтгэл эмзэглэхгүй байна гэж байхгүй.

-Маш их хэмжээний мод тарихаар шийдсэн байна. Мэдээж хөрөнгө санхүү их шаардагддаг байх. Та хөрөнгө санхүүгээ зөвхөн хувиасаа гаргаж байна уу. Хэрхэн зохицуулж байна вэ?

-Шууд очоод тарьчихаагүй. Зөв зохион байгуулалттай зөв газар нь мөнгөө өгөөд модоо тарьсан. Яг анхны хөрөнгийг манай нутгийн ахмадын зөвлөл дэмжиж, төгсөгчдийн төгөл байгуулъя гэж мөнгө өгч байлаа. Ер нь мод тарих чинь хүүхэд ширгэлэхтэй л адилхан юм байна. Одоо бүр Улаанбаатар хотын зарим сургуулийн сурагч, дэлхийн өнцөн булан бүрт суугаа хүмүүс мод тариулъя гээд зардал өгдөг болсон. Хувиасаа бол нэлээд мөнгө хөрөнгө гаргана шүү дээ. Тэрийг яриад байх бол нэг их утгагүй зүйл. Харин төрөөс ямар нэгэн дэмжлэг аваагүй шүү. Дараагийн ээлжинд Баацагаан сумынхаа голын хөвөөгөөр мод тарих гэж байна

Монгол орны хөдөө хээр тал тэр аяараа цөлжчих юм бол нутаг эзгүйрнэ шүү.Тэгэхээр ногоон байгууламж дагасан ажлын байрыг бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, хот руу чиглэсэн хөдөлгөөнийг зогсоох хэрэгтэй. Хөдөө нутаг нь сайхан байх юм бол хэн ингэж стресстэй хотруу ирэх вэ дээ. Мөн тарихдаа мэргэжилтнээр тариулъя тэдэнд зардлаа өгөөд дараа нь үр дүнгээ нэхдэг болъё. Өөрсдөө очиж ургасан ургаагүй мод тарих биш ургуулсных нь дараа миний мод хаана байна аа гэж нэхдэг л болох хэрэгтэй.

-Үндэсний хэмжээнд мод тарьдаг өдрүүд байдаг шүү дээ. Энэ өдрүүдэд яаж мод тарьвал илүү үр дүнд хүрэх вэ?

-Мод тарих бол ондоо. Хамгийн чухал нь ургуулах арчлах. Энэ тал дээрээ анхааръя. Хий дэмий баахан хүн цуглахын оронд мод тарьж байгуулагадаа өгье. Өөрсдийн цаг заваа үрээд тийшээ мод тарих гээд явахаа болимоор байна. Яах вэ буруутгахгүй. Гэхдээ бид тарьсан нэр зүүгээд орхидог биш ургуулдаг арчилдаг л баймаар байна.

-Тэгэхээр түрүүн моднуудын дундуур тэжээлийн ургамал тарих, цаашлаад ажлын байр бий болгоно гэсэн энэ ямар учиртай вэ?

-Хоёр км урттай 34 метрийн урттай хамгаалалтын маш сайна хашаа байна. Нэг худагтай, гурван усан сантай, зургаан эгнээ модыг эхний ээлжинд тарина. Дундуур нь тэжээлийнхээ ургамлыг тариална. Тариалахдаа ямар нэг компанитай гэрээ хийнэ. Тэд тэжээлийн ургамлаа ургаад ирснийх нь дараа тус сумандаа тодорхой хэмжээний тэжээл өгнө. Харин би ямар ч ашиг авахгүй гэсэн үг. Мөн одоо тарьж байгаа Баянхонгор аймгийн Баацагаан суманд байгалиараа ургадаг зэрлэг чацарганы хамгийн урд талийн цэг нь байсан юм. Тэгэхээр тэнд чацаргана ургах маш өндөр боломжтой гэсэн үг. Эндээс харвал нутгийн иргэдийг ч ажлын байраар хангах боломжтой. Төр бодлогоороо чацарганыг дэлхийн зах зээл дээр гаргаж тэр хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Мөн Дундговьд гэхэд хармаг тарих боломжтой. Говийн элс нь өөрөө маш эрдэстэй дэлхийн хамгийн шилдэг дарсыг Монголын говиос тэр хармагнаас гаргах боломжтой.

-Мод тарихад ойр орчны иргэд хэрхэн хүлээж авч байна вэ?

-Нутгийн иргэдийн оролцоо бол маш сайн байгаа. Малчид малаа тэр хэсэг рүү явуулахаа ч байсан. Энэ зун бороо их орсон нь тэр жаахан мод тарьсантай холбоотой хэмээн үзээд баярлаж байгааг харах үнэхээр сайхан байгаа шүү.

-Таны хувьд цаашдын зорилго юу байна вэ?

-Ирэх жилээс царгас гэх ургамлыг тариж эхлэх гэж байна. Энэ нь хөрсний уургийн ургамал байгаа юм. Ингээд нэг газраа сайхан хөгжүүлчих юм бол цөлжилт болоод байгаа бусад газруудаа ч мөн адил ногоон төгөл болгоно. Алсдаа бол 21 аймгаа хамрана. Энэ бүхэн хэрэгжээд эхлэх юм бол 360 мянга гаран ажлын байр шинээр бий болгоно гэсэн судалгаа ч надад байна.

Ярилцсанд баярлалаа.

Дараагийн талбай цөлжилтөд өртөж ийм байдалтай байжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ий хуваарь гарчээ
Чөлөөт бөхийн ДАШТ-ий хуваарь гарчээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.