Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байна. Энэ үеэр чуулганаар яригдаж буй асуудал болон шатахууны нийлүүлэлтийн талаар ярьлаа. Тэрбээр шатахууны нийлүүлэлтийн талаар "Дэлхий нийтэд логистикийн асуудлууд байна. ОХУ тавдугаар сараас хойш дотооддоо шатахууны нөөц бага, КОВИД-ын улмаас олборлолт буурч байгаа. Зөвхөн Монгол бус шатахуун экспортолдог бүх улсад хязгаар тавьж байгаагаа мэдэгдсэн. Энэ асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газар хариуцдаг. Шатахуун импортолдог хувийн хэвшлийн ААН-үүд нийлүүлэлтийн гэрээгээ хийсэн хугацаандаа ирж чадахгүй, нийлүүлэгдсэн ч бага хэмжээгээр өгч буй асуудлууд байна. Гэхдээ тасраагүй, тодорхой хэмжээнд байнга нийлүүлэхийг хичээж байгаа.
Ойрын үед тодорхой хэмжээний шатахуун яаралтай нийлүүлэхээ ОХУ-ын талаас мэдэгдсэн. Ерөнхий сайд хоёр хөршийн Элчин сайдтай өчигдөр уулзсан. ОХУ болон Бээжинд суугаа Элчин сайдууд идэвхтэй ажиллаж байна.
БНХАУ-ын "Петро Чайна компани гэрээний дагуу шатахуунаа өгнө. Гэхдээ дэлхийн бүх улсын ачаа Тяньжин дээр бөөгнөрч байгаа. Тяньжинаас Монгол руу өдөрт явж байгаа галт тэрэгний тоог нэмэгдүүлнэ" гэдэг мэдээг өнөөдөр өглөө Бээжингээс авлаа. Ойрын үед буюу есдүгээр сард багтаагаад 200 вагон явуулна гэсэн.
Хуурай замын бүх боомтод КОВИД-19-ийн эсрэг журам нь ижил үйлчилдэг. Боомтуудад коронавирусийн халдварын нэг эерэг тохиолдол гарахад Хятад хилээ 14 хоног хаадаг журамтай. Манай улсад харин ч зөөлөн хандаж, халдвар илэрсэн тохиолдолд нэг, хоёр хоног хилээ хаагаад нээж буйд нь талархах ёстой.
Бид өөрсдөө дотооддоо арга хэмжээгээ сайн авах хэрэгтэй. Халдвар гаргахгүй бол Хятад улс нүүрс, ачаа бараа авъя гэж байгаа" хэмээлээ