Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Төрийн албаны зөвлөлийг тун ч хүчтэй шүүмжлээд авлаа. Төрийн албыг цомхон хэрнээ чадварлаг байх ёстой, хэтэрхий данхайсан том бүтэцтэй болж байна хэмээн бүгд шүүмжилдэг ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн.
Харин Боловсрол, шинжлэх ухааны яам энэ удаад бүтцээ багасгаж, ажил хийдүүлдэг, сул цалин "тоншдог" зарим албан хаагчдынхаа орон тоог цомхотгож, Засгийн газраас уг бүтцээ батлуулсан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийнхөн Л.Энх-Амгалан сайдын уг бүтцийн өөрчлөлтөд "чагт" тавьжээ. Тодруулбал, шаардлагагүй албан хаагчдын тоог цөөлсөн уг асуудлаар Төрийн албаны зөвлөл эсрэг байр суурь илэрхийлж, тус яамны бүтцийн асуудлыг хүндрүүлсэн байна.
Үүнд нь бухимдсан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Төрийн албаны зөвлөлийг "ялзарсан, өөрчлөлт шинэчлэл хийхээс айдаг, хоёр нүүртэй" хэмээн ярьлаа.
Тэрбээр, "Улстөрийн шалтгаанаар ажлаас халагддаг мянга мянган төрийн ядарсан албан хаагчдынхаа төлөө юу ч дуугардаггүй мөртлөө яамдын угжны хурга шиг болсон задарсан, ялзарсан түшмэдийг өмөөрч шинэчлэлийн өмнө чөдөр тушаа, бул хар чулуу шиг хөндөлсдөг хоёр нүүртэй Төрийн албаны зөвлөл болжээ.
Миний бие УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа төрийн албаны шинэчлэлийн гол эрхзүйн орчныг хийж өгсөн. Сайд болоод энэ шинэчлэлийг яамнаасаа эхэлье гэж зориглосон. Үнэндээ ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй цөөн хүний нуруун дээр төрийн ажил явж байгаа. Ажил хийдэггүй хүмүүсийг Монголын төр тэжээх ёсгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Бүтцийн өөрчлөлт хийж чадварлаг багтай ажиллахыг Монгол Улсын Засгийн газар дэмжсэн байхад Төрийн албаны зөвлөлийн түшмэдүүд шинэчлэлийнхээ эсрэг байгаад суурьтай байгаад харамсаж байна.
Сонгууль бүрийн дараа улстөрийн шалтгаанаар халагддаг мянга мянган иргэдийнхээ төлөө юу ч дуугардаггүй байж шинэчлэл хийе гэхээр яамдын угжны хурга шиг дарга нарыг өмөөрч Төрийн албаны шинэчлэлийн өмнө бул чулуу шиг хөндөлсдөг байж таарахгүй. Монгол төрийн албанаас шалгалт авсан, сорилт болсон цаг үед бид амьдарч байна. Ковидын үед 30 хувиар ажиллаад үлдсэн нь зайнаас ажиллаж болдогийг бид мэдэрлээ. Магадгүй төрийн албаны зарим үйлчилгээ цахим болсноор авилга хүнд суртал багассан. Иргэд ийм боломж байдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Төрийн алба бол цомхон чадварлаг байх ёстой гэж боддог. Боловсрол, шинжлэх ухааны яам гэхэд 12 газартай байсныг нэгтгээд 8 газартай, 120 орчим хүнтэй байсныг 88 болгох бүтэц батлуулсан. Яамд, агентлагууд бодлогын гэхээс илүү хэрэгжүүлэгч болсон. Манай яам гэхэд ихэнх цагаа тендер шалгаруулахад зарцуулдаг байсан.
Тийм учраас яам нь яг бодлогын яам шиг ажиллаад хэрэгжүүлэгч агентлаг нь тусдаа ажиллах нь зөв гэдэг үндэслэлээр бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Энэ дээр Төрийн албаны зөвлөл манлайлж оролцох байх гэж ойлгосон ч цагаа тулахаар өөр юм байна. Харамсалтай нь Төрийн албаны зөвлөл нь өөрөө яамыг цомхон чадварлаг багаар ажиллуулах хүсэлгүй. Уг нь энэ цомхон чадварлаг болгох шинэчлэл бол яамдын түүхэнд хийгдэж байгаа анхных нь. Гэтэл манлайлж оролцох ёстой Төрийн албаны зөвлөл нь эсрэг байр суурьтай байгаад үнэхээр харамсаж байна. Төрийн албаны зөвлөлийг Монголын төрийг цомхон, чадварлаг байлгахын төлөө сэтгэл, зүрхтэй байх юм бодсон чинь шинэчлэлийг дэмжих биш шинэчлэлийн чөдөр тушаа болоод сууж байдаг хүмүүс юм байна. Дахин хэлэхэд ажил хийдэггүй хүмүүсийг Монголын төр тэжээх ёсгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах ёстой" гэв.
Нэг талаасаа түүний ярьж буй зүйлд үнэний ор бий. Учир нь аливаа яам, тамгын газрууд улс төрийн шахааны хүмүүсийг багтааж шингээж ядахдаа ямар нэгэн нэмэлт, ач холбогдол багатай албан тушаалуудыг шинээр бий болгож, бас хадгалж үлддэг. Аливаа яамны ажил хийдэг цөм бүтэц нь нийт ажилчдынх нь ердөө 30 хувьтай л тэнцдэг гэх яриа бий. Тиймээс тооноос чанар руу шилжих гэж буй энэ мэт үйлдлүүдийг Төрийн албаны зөвлөл дэмжиж ажиллах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол сандал суудал бөглөсөн хэн нэгэн даргын "шахааны" хүн татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрэн таран хийж, төрийн албаны нэр хүндийг унагасаар л байх болно.
Ковидын үеийн ойлгомжгүй байдал бидэнд төрийн албыг хэрхэн цомхон ажиллаж болох, мөн төрийн албыг цахимаар шийдэж болдог гэдгийг харууллаа. Үүнээс гадна төрийн албан хаагчдын өнөөдрийг чадвар, чадавхийг алган дээр тавьсан мэтээр харуулж чадлаа. Төрийн албыг чанаржуулъя гэвэл Төрийн албаны зөвлөлөөсөө, бодлогоосоо л эхлэх хэрэгтэй бололтой.
Г.Баяр