АНУ-ын сүүлчийн цэргийн нисэх онгоцууд Афганистаныг орхин гарч АНУ-ын хамгийн урт хугацааны дайныг зогсоов. Энэхүү мэдээллийг АНУ-ын Төв командлалын командлагч, генерал Франк Маккензи даваа гарагт Пентагонд мэдэгдлээ.
Маккензи, "Би Афганистанаас цэргээ гаргаж, Америкийн иргэд, гуравдагч орны иргэд, эмзэг бүлгийн афганчуудыг нүүлгэн шилжүүлэх цэргийн ажиллагаа дууссаныг зарлахаар энд ирлээ. С-17 сүүлчийн нисэх онгоц 8-р сарын 30-ны өдөр Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас 15.29 цагт хөөрч, сүүлийн хүнтэй нисэх онгоц Афганистаны дээрх агаарын замыг чөлөөллөө.Бид гарахыг хүссэн бүх хүмүүсийг гаргаж чадаагүй.Үүнд харамсаж байна" гэжээ.
Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагийн орой мэдэгдэл хийж, Афганистанд үүрэг гүйцэтгэсэн АНУ-ын цэргийн хүчинд хандаж сүүлийн нислэгийг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлжээ.