
Монгол Улс БНХАУ-ын CRRC группээс эхний ээлжид 20 зүтгүүр, 500–1000 вагон, 300 цистерн вагон худалдан авах чиглэлээр зарчмын хувьд тохиролцжээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 22-нд БНХАУ-ын CRRC группийн удирдлагатай уулзаж, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний худалдан авалт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтаар Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам 2027 онд ашиглалтад орсноор тээврийн хүчин чадал нэмэгдэж, өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээг хангахын тулд зүтгүүр, вагоны паркийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Монголын талаас танилцуулсан байна.
Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-д шаардлагатай зүтгүүр, вагоныг холбогдох хууль, журмын дагуу санхүүгийн түрээсээр худалдан авах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хугацааг урьдчилан төлөвлөж хамтран ажиллах саналыг CRRC группийн удирдлагад тавьжээ.

Талууд эхний ээлжид 20 зүтгүүр, 500–1000 вагон, 300 цистерн вагон худалдан авах чиглэлээр зарчмын хувьд харилцан тохиролцсон байна.
Худалдан авалтын санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банк, “Ди Би Эм Лизинг” ХХК болон БНХАУ-ын Хятадын экспорт, зээлийн даатгалын корпораци /SINOSURE/, бусад банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх боломжийг судалж байгаа аж.
Мөн ачааны вагоныг технологийн шаардлагад нийцүүлэн шууд хөмөрч буулгах болон дугуй солих боломжтой хийцтэйгээр үйлдвэрлүүлэх саналыг Монголын талаас тавьжээ.
Талууд хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэлт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдсэн байна.




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!