АНУ болон Ираны дараагийн нүүдэл

Ангилал
Дэлхий дахинд Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 49 секунд

Ойрх Дорнодын буюу Ормузын хоолойн нөхцөл байдал шийдэгдээгүй үргэлжилсээр байна. Д.Трампын зүгээс Иранд Ормузын хоолойг бүрэн нээх 48 цагийн хугацааг өгсөн. Тэрбээр “Ормузын хоолойг нэн даруй нээхгүй бол АНУ, Ираны цахилгаан станцуудыг бүрэн устгана” гэж анхааруулжээ. Тэр дундаа хамгийн томоос нь эхэлж устгана гэдгээ мэдэгдсэн юм. Харин Ираны зүгээс АНУ-аас цохилт ирвэл хүчтэй хариу цохилт өгнө гэдгээ мэдэгдсэн. Хоёр тал ямартай ч харилцан шийдэлд хүрэхгүй байдал хүндрэх тал руугаа шилжихэд ойрхон байна. Талууд асуудал шийдэгдэхгүй бол дараагийн нүүдлээ мэдэгдлээрээ дамжуулан хэлсэн гэхэд болно.

АНУ хаашаа цохилт өгөхөө мэдэгдсэн

Д.Трамп хийсэн мэдэгдэлдээ хаашаа халдахаа хэлсэн. Тэгэхээр Ираны цахилгаан, дулаан болон цөмийн станцууд энэ халдлагад өртөх магадлал хамгийн өндөр байна. Ираны хувьд дулааны цахилгаан станцууд хүчин чадлаараа тэргүүлдэг. Байршлын хувьд хойд, төв, өмнөд хэсгүүдэд станцууд байршиж бүс нутгийг эрчим хүчээр хангадаг.

Хамгийн томд тооцогдох станц гэвэл Бандар Аббасын цахилгаан станцыг нэрлэж болно. Ормузын хоолойтой ойрхон буюу Персийн булангийн эрэг дагуу байрлах уг станц нь Ираны өмнөд бүсийн гол эрчим хүчний эх үүсвэр юм. Харин төвийн хэсгийг Тегераны орчимд байрлах Шахид Ражайн станц нь 2,000 мвт-аас дээш хүчин чадалтайд тооцогддог. Уурын болон цахилгаан станц бөгөөд энэ сарын эхээр уг станц руу халдсан гэх мэдээлэл гарч байсан.

Каспийн тэнгисийн эрэг буюу Ираны хойд бүсийн хамгийн чухал станцын нэг бол Нека станц. Уурын дөрвөн блок бүхий уг дулааны станц нь жилдээ 2,000 мвт-аас их эрчим хүчийг нийлүүлдэг. Үүн дээр нэмээд Ираны цорын ганц ажиллагаатай байгаа Бушерийн цөмийн цахилгаан станцыг нэрлэж болно. Уг станц нь олон улсын хамгийн их анхаарлыг татдаг объект юм.

Ямартай ч бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрүүдэд цохилт өгвөл цахилгааны тасалдал, цаашлаад далайн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хүндрэл учрах эрсдэлтэй.

АНУ хөдөлбөл Иран зүгээр суухгүй

Ираны эрх баригчдын зүгээс АНУ довтолбол Ормузын хоолойг бүрэн хаана гэж мэдэгдсэн. Хэрвээ АНУ хөдөлж эхэлбэл тус хоолойд байх нефтийн хөлөг онгоцуудад халдах магадлал хамгийн их. Шууд цэргийн ажиллагаа гэхээс илүү дроны довтолгоо явах магадал ихтэй. Яг баттай тоо гараагүй ч тус хоолойд 2,000 орчим хөлөг байгаа гэх мэдээллүүд байгаа. Мөн нефтийн хөлөг онгоцуудаас гадна АНУ-ын хувь эзэмшилтэй компани болон тус улсад бааз нь байрладаг улсууд руу халдана гэж мэдэгдсэн. Одоогоор Саудын Араб, Катар, АНЭУ, Бахрейн зэрэг улсад АНУ-ын бааз байрладаг.

Европын холбоо Ирантай холбоо тогтоосон

Үүсэж байгаа нөхцөл байдлыг зөөллөх илүү дипломат болгох зорилгоор Европын холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын төлөөлөгч К.Каллас Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчитай холбогдсон. Ярианы гол сэдэв нь Ормузын хоолойн асуудал байсан. Уг хоолойн хөдөлгөөнийг гацаах нь Европ, Азийн орнуудад хамгийн их хохиролтой учраас. Хэрвээ Ормузын хоолой бүрэн хаагдвал нефтийн үнэ өсөж, Европын эрчим хүчний хямрал илүү гүнзгийрэх магадлалтай юм. Мөн Ойрх Дорнодын дахь мөргөлдөөн улам хурцдаж байгаа тул дипломат байдлаар асуудлыг шийдэхийг зорьж холбогдсон.

Хугацаа дуусмагц цаашид юу болох нь шийдэгдэнэ

Д.Трампын өгсөн 48 цагийн хугацаа удахгүй дуусна. Харин тэр үед АНУ түрүүлж алхам хийнэ. Гэхдээ шууд халдах уу эсвэл дахин шинэ мэдэгдэл хийхийг үгүйсгэхгүй. АНУ хэрхэн хөдлөхийг Иран хүлээж байгаа. Гэхдээ талууд дайралт хийх нь хэн хэндээ хохиролтой гэдгийг сайн мэдэж байгаа. Эергээр харвал харилцан ойлголцолд хүрч Ормузын хоолойг бүрэн нээхгүй ч, урсгалыг сэргээх магадлалтай. Энэ бол байж болох хамгийн сайн хувилбар. Европын холбоо Ормузын хоолойн асуудалд оролцож эхэлсэн нь талууд шууд цэргийн үйл ажиллагаа явуулах магадлалыг бага ч атугай бууруулж байгаа.

Яг одоогийн нөхцөл байдлаас нь дүгнэвэл гэвэл талууд хэд хоног хэн хэнийхээ хөдөлгөөнийг ажиглахыг илүү чухалчлах байх. АНУ тус хоолойд цэргийн хүчээ төвлөрүүлэх, Иран нөгөө талдаа хөлөг онгоцнуудад мина тавих зэрэг ажлуудыг чимээгүй хийж байгаа. Ойрх Дорнодын асуудал зөвхөн АНУ, Ираны мэдлээс гарсан тул юу юугүй цэрэглэн хөдлөх асуудал арай ч эхлэхгүй байх. Цаг дуусмагц Д.Трамп юу хэлэхээс бүх зүйл шалтгаална.

Дунд хуруу гозойлгосон Л.Наранбаатарыг нэг тоглолтоор бандлаа
Дунд хуруу гозойлгосон Л.Наранбаатарыг нэг тоглолтоор бандлаа
 
Д.Сумъяабазар: “Бодь групп“-ын Д.Баясгалангаас 800 мянган ам.доллар авч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
Д.Сумъяабазар: “Бодь групп“-ын Д.Баясгалангаас 800 мянган ам.доллар авч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!