Өнөөдөр НХМГ-аас цаг үеийн нөхцөл байдлын хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НХМГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл хууль бус ан, агнуурын талаарх мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖ-ын сайдын 193-р тоот тушаалаар Монгол орны хэмжээнд тарвагыг гурван жилээр агнахыг хориглосон. Мөн хууль бус ан агнуур, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргын 2021 оны 620-р тушаал гарсан. Дээрх шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах үүднээс НМХГ болон цагдаагийн байгууллага хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалт хийсэн.
Хориглосон хугацаанд тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн зөрчил 2020 онд 115, 2021 онд 67 илэрч, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, 70 гаруй сая төгрөгийн нөхөн торгууль оногдуулж ажилласан. Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай аймгуудаас ирж буй тээврийн хэрэгслээс энэ төрлийн зөрчил түлхүү илэрч байна. Эдгээр аймгууд нь тарваган тахлын голомтын бүсэд хамаатдаг. Монгол орны 17 аймгийн 137 сум тарваган тахлын эрсдэлтэй гэсэн судалгаа байдаг.
Зөрчлийн тухай хуулинд зааснаар тарвагыг хууль бусаар агнасан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн иргэнийг 300 мянган төгрөгөөр, ААН байгууллагыг гурван сая төгрөгөөр торгож бодгаль тус бүрт экологи, эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөр хоёр дахин нэмэгдүүлж тооцдог. Нөхөн төлбөрийн хэмжээг эр, эм, үр зулзаганаас хамаарч 252-420 мянган төгрөг хооронд тогтоодог. Хэрвээ тээвэрлэсэн бол жолоочид нь хариуцлага тооцдог болсон" гэлээ.