Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ын холын зайд гүйхээр өчигдөр замдаа гарсан. Түүний гүйлтийн зорилго болоод бусад зүйлсийн талаар ярилцлаа.
-Сайн байна уу? Сайн явж байна уу. Юуны түрүүнд та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн, сайн байна уу. Намайг Т.Рэнцэнбадам гэдэг гэдэг. Би Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Хилийн цэргийн 0108 дугаар ангид ажилладаг.
-Холын замд гүйх шийдвэрээ хэзээ гаргасан бэ?
-Хоёр сарын өмнө шийдвэрээ гаргасан байсан. Өдөрт 30 км гүйж байна. Түүнийгээ хоёр хуваагаад өглөө 07.00 цагаас 15 км, үдээс хойш 16.00 цагаас 15 км гүйж байна.
-Баг бүрэлдэхүүний хувьд ямар хүмүүстэй хамт явж байгаа вэ?
-Хил хамгаалах Ерөнхий газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагч багшийнхаа заавар зөвлөмжийн дагуу явж байна. Мөн Хилийн 0108 дугаар ангийн жагсаалын дарга, ахлах ахлагч н.Батжаргал, Боомтын шалган нэвтрүүлэх заставын баримт бичгийн шалгагч, ахлах дэслэгч н.Намжир зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй явж байна.
-Урд өмнө холын зайд гүйж 1000 км-ээс дээш холын зайд гүйж байв уу?
-Урд нь ингэж холын замд гүйж байгаагүй. Анх удаа ийм хол замд гүйж байна.
-Таны гүйлтийн зорилго юу вэ. Таныг холын зайн гүйлтээ эхлүүлсэн гэдгийг сонссон иргэд үүнийг мэдэхийг их хүсч байх шиг байна?
-Би хилчин хүнийхээ хувьд Монгол Улсын Хилийн өмнөд хязгаараас хойд хязгаарт очих, өөрийгөө сорьж үзэх зорилготой гүйж байна.
-Эмэгтэй хүн 1000 гаруй км зайд гүйнэ гэхэд таны ар гэр хэрхэн хүлээж авсан бэ?
-Мэдээж холын замд эмэгтэй хүн гүйнэ гэдгийг сонсоод аав, ээж хоёр маань бага зэрэг дургүйцэж байсан. Гэхдээ нэгэнт гүйхээр гарчихсан болохоор хүлээн зөвшөөрөлгүй яах вэ.
-Өнөөдөр таны гүйлтийн хоёр дахь өдөр. Ямар нэгэн саад бэрхшээл тулгарч байна уу?
-Машин их явж байна. Мөн говь газар болохоор бага зэрэг халуун байна. Бусдаар ямар нэгэн саад гэх зүйл алга даа.
-Таныг гүйлж эхлэхээс өмнө ахлах ахлагч Э.Даваажамц 46 хоногийн турш нийт 2127 км зайд гүйсэн. Та ахлах ахлагч Э.Даваажамцтай холбогдож хол замд гүйх талаараа зөвлөгөө авсан уу?
-Зөвлөгөө аваагүй. Цэргийн хүнийхээ хувьд мундаг залуу гэж үнэлдэг. 2100 гаруй км зайд гүйсэн нь бахархалтай. Би өөрөө цэргийн хүн учраас Э.Даваажамцийг үнэлж, хүндэлж байгаа.
-Таны гүйлтийн талаар цахим орчинд иргэд тал талын үзэл бодолтой байна. Сөрөг сэтгэгдлүүд багагүй харагдаж байна. Энэ танд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Ер нөлөөлөхгүй байгаа. Энэ талаар бэлтгэл, сургуулилт хийж байхдаа ч зарим хүмүүсээс ирэх сөрөг зүйлсийг төлөвлөсөн байсан. Хүмүүс аливаа юмны сайныг нь биш, мууг нь түрүүлж хардаг шүү дээ. Тиймээс сөрөг зүйлсийг төдийлөн тоохгүй байгаа.
-Амралтын цагаасаа хумслан ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Баярлалаа.
Ярилцсан: Б.Амарбаясгалан