Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ДЭМБ-ын 7 ажилтан халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагчдад сургалт хийхээр ирсэн”

Ангилал
COVID-19
Огноо
Унших
8 минут 42 секунд

Манай улсад Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын баг гурав хоногийн өмнө ирсэн талаар албаныхан мэдээлсэн билээ. Тэгвэл тус ДЭМБ-ын багийн ирсэн зорилго, үйл ажиллагаа болон цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.

-Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн бэ. Ер нь ДЭМБ-ын баг ямар шалтгааны учраас манай улсыг зорив?

-ДЭМБ-аас долоон хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсад 40 хоногийн хугацаатай ажиллахаар ирсэн. Ингэхдээ яаралтай тусламжийн эмч 2, сувилагч 2, техникийн ажилчин 2, координатар буюу зохицуулагчаар нэг хүн нийт долоон хүн ирээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь таван бүс нутагтай. Коронавирусийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бүс нутгуудад дэмжлэг болох үүднээс тухайн баг ирж ажиллаж байгаа юм. Манай улсад 160 мянга орчим халдварын тохиолдол бүртгэгдчихээд байна шүү дээ. Энэ нь нийт хүн амын 4,7 хувийг эзэлж байна. Одоогийн нөхцөлд манай улсын халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нар ч тодорхой хэмжээнд туршлагажсан байгаа. Амилуулах суурь тусламж, орны дэргэдэх зөвлөмж, эрчимт эмчилгээ, гамшгийн үеийн сургалтын чиглэлээр эмч, ажилчдад сургалт хийх юм. ДЭМБ-ын эмч, төлөөлөгчдийн туршлагаас манай эмч, ажилчид суралцах зүйл бий. Нөгөөтэйгүүр тэд ч манай эмч нараас суралцах зүйл ч байгаа болов уу.

-Манай улс дотоодод вирусийн дельта хувилбар илэрч, цар тахлын хоёрдугаар давлагаа эхэлсэн үед халдварын хариу арга хэмжээг хэрхэн авч байгаа талаар мэдэхээр ирсэн болов уу гэх таамаглал иргэдэд төрж байна?

-ДЭМБ эрүүл мэндийн салбарын ажилчдыг маань чанартай сургалт, арга зүйгээр хангаж чадвал эргээгээд манай улс бүс нутагтаа сурч мэдсэнээрээ системтэй сургалтыг хүргэх боломжтой. Уг сургалтад хамрагдсан эмч, ажилчдад олон улсын сертификат олгоно. Гэхдээ алсын зорилго нь хэрвээ цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл гадаад хэлтэй залуу эмч нарыг ДЭМБ-ын багаас олж авсан мэдлэгээ бусад орнууд руу хүргэхэд оршиж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид, ажиллах хүч, тактикийн дутагдалд орчихсон учраас ДЭМБ багаа явуулсан зүйл биш. Хамгийн гол нь энэ сургалтаар гамшгийн, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний талаар илүү нарийн мэдээ мэдээлэл, зөвлөмж, сургалт хийж байгаа юм.

-ДЭМБ-аас ирсэн багийн гишүүдийг хаана байрлуулж байгаа вэ?

-Тэднийг Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэгт байршуулж байгаа. Эмч нарт цар тахлын үеийн ямар нөхцөлд, хэрхэн ажиллах талаар сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтууд цахимаар явагдаж байна.

-Явуулж буй сургалтад нийт хэчнээн эмч, ажилтан хамрагдаж байгаа вэ?

-ЭМЯ-аас нийслэлийн хэмжээн дэх томоохон эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдийн 50 гаруй эмч, сувилагч нарыг ээлж болгон сургалт, дадлагад хамруулж байгаа юм. Наймдугаар сарын 15 хүртэл ажиллана. Түүний араас дараагийн ээлжийн баг ирнэ гэж тооцоолж байгаа. Хоёр ээлж ирнэ гэж яриад байгаа юм. Гэхдээ эцэслэгдээгүй.

-Орон нутгийн өдөрт бүртгэгдэж халдварын тоо Улаанбаатараас давсан үзүүлэлт сүүлийн хэд хоногт гарлаа. Хөдөө орон нутгийн халдвар энэ хэвээр өссөөр байхад намар нийслэлийг зорих хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэснэ. ДЭМБ-ын баг хөдөө орон нутагт ажиллах төлөвлөгөө бий юу?

-Хоёрдугаар ээлж ирвэл нөхцөл байдал хүнд байгаа хэд хэдэн аймгууд руу явуулья гэсэн төлөвлөгөө байгаа.

-Тухайн багт ажиллаж буй эмч, ажилчид ямар чиглэлийн мэргэжилтнүүд байна вэ. Хэчнээн эмч, ажилчдыг хамруулах гэж байна?

-Орны дэргэдэх сургалт гэдэг нь өвчтөнүүдийн хажууд эмчилгээ хийхдээ хэрхэн ажиллах, ямар тактик барих талаар ярилцах юм. Нийт 54 эмч, мэргэжилтнүүдийн нэрсийг нь гаргаад ДЭМБ-ын баг руу өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд манай эдгээр 54 эмч ажилтан ДЭМБ-ын багийн өгч буй тактик, заавраас суралцана гэсэн үг. Төрөлжсөн эмнэлгүүдээс 19, тусгай эмнэлгээс 10, нийслэлийн харъяа эрүүл мэндийн газруудын ажилчдаас бүрдсэн 54 эмч, ажилтан гэсэн багтсан.

-Сүүлийн үед орон нутгийн эмнэлгийн ачаалал хэр байгаа талаар?

-Улсын хэмжээнд өдөрт 2 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байх үед орон нутагт бүртгэгдэх халдварын тоо нэг мянга давж илэрч байсан шүү дээ. Одоогоор хөдөө орон нутагт, Улаанбаатарт ч аль алинд нь халдварын тоо буурч байна. Сүүлийн үед орон нутагт халдварын тоо ихэслээ гэж яриад байна. Гэхдээ өмнөхтэй харьцуулахад энэ бол буурсан тоо шүү дээ. Нийслэлд халдварын эрч идэвхтэй буурч байгаа бол орон нутгийнх бага зэрэг аажуу буурсаар яваа.

-Халдварын нөхцөл байдал урьдынх шиг хүнд цохилт өгөхөөр үе ирвэл эмнэлгийн тусламж үйлчилгээ тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Халдварын эрч идэвхтэй байсан үед өдөрт 14 мянга гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлж байсан. Одоо бол 10 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ эмнэлэгт ор сулрангуут хүнд, хөнгөнөөс үл шалтгаалан хэвтүүлэх арга хэмжээ авч байгаа. Халдвартай хүнийг халдваргүй хүнээс тусгаарлах нь цааш тархахаас сэргийлдэг учраас нэгэнт орны нөөц гараад ирсэн тохиолдолд дүүрэг, аймаг, нийслэлийн хариу арга хэмжээний багуудад хөнгөн хэлбэрийн байсан ч эмнэлэгт хэвтүүл гэх чиглэл өгч байгаа. Энэ нь нэгдүгээрт, хүндрэл, нас баралтаас сэргийлнэ. Хоёрдугаарт, халдварын тархалтыг хумих давхар ач холбогдолтой. Халдварт өвчний илрэлийн тоотой хамааруулаад зохицуулалт менежмэнтээ хийж байгаа юм.

-Дельта вирус хүн амын дундаас илэрсэнтэй холбогдуулан эмч, ажилтан гэлтгүй иргэдийн зүгээс ч хариуцлагатай тулж ирсэн байна. Иргэд өөрсдөө энэ халдвар өртөх нөхцлийг бий болгоод байна уу?

-Гэхдээ цар тахлын үеийн тусламж үйлчилгээ нь нэг салбарынх яав ч биш. Тухайн үед бидний ачааллаас хэтэрсэн асуудал тулгарч байсан. Өрхийн эмнэлэг тоохгүй байна гэж иргэд гомдол санал ирүүлж байсан. Гэхдээ тэд ажлаа хийхгүй байгаадаа биш. Өрхийн эмнэлгүүдийн ачаалал давсан байсан учраас тухайн бэрхшээлүүд гарч байсан. Өнөөдрийн нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарынхан ачаалалд нийцсэн тусламж үйлчилгээ эрэлт нь хэрэгцээгээ нөхөөд явж байна. Нөгөө талаас иргэд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Өвдсөнөө мэддэг, дур мэдэн эмчилгээ хийдэг асуудал ковид гэлтгүй бусад өвчний үед ч гардаг байсан. Энэ нь гэртээ хүндрэх эрсдлүүдийг бий болгоод байна. Иргэний хариуцлагын асуудлыг зарим үед яримаар санагддаг юм. Халдвартай мөртлөө гадуур явж байна. Гадуур халдвар тарааж байна. Энэ бол байж болохгүй зүйл шүү дээ.

ТОКИО 2020: О.Гүндэгмаа өнөөдөр буудаж, О.Мөнхцэцэг, Л.Отгонбаатар нар барилдана
ТОКИО 2020: О.Гүндэгмаа өнөөдөр буудаж, О.Мөнхцэцэг, Л.Отгонбаатар нар барилдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.