126: 32 эдийн засагч, 31 хуульч, эрхзүйч, 2 математикчтай ПАРЛАМЕНТ бодлого тодорхойлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 58 секунд

"Солонгорсон" парламент. Манай парламентад мэргэжлийн эдийн засагч нь ч, эрхзүйч нар нь ч нэмээд бүр дуучин, жүжигчин нь ч байна. Нэг үе яруу найрагч, бөхчүүдээр хүртэл "баян" байсныг та санаж байгаа байх. Тэгвэл энэ удаа бид төрд ямар мэргэжилтэй хүмүүсийг илгээв. Басхүү тэднийг сонгоход юу нөлөөлөв. Иргэдийн сонголтод тэдний мэргэжил нөлөөлдөг үү гэдэгт хариулт эрье.

-Д.Амарбаясгалангийн "ангид" эдийн засагч, эрхзүйч гишүүд хамгийн их байдгаас гадна ЗУРААЧ, ДИЗАЙНЕР, ДУУЧИН, ЖҮЖИГЧИН ч байна-

Парламентаас эхэлье. Тогтолцооны өөрчлөлтийн дүнд бид 126 УИХ-ын гишүүнтэй болсон. Тэд бүгд өөр өөр салбарынх. Энэ утгаараа салбар бүрийн төлөөллийг, дуу хоолойг хангах "зарчим" хэрэгжсэн гэж хэлж болох л юм. Мэргэжлийнх нь хувьд задлаад харвал дараах сонирхолтой үр дүн харагдаж байна.

Мэдээж УИХ-ын гишүүд парламентад иргэдийг төлөөлнө гэдэг утгаараа мэргэжлийн "босгыг" давах нь чухал. Энэ утгаараа гишүүд хамгийн багадаа нэг мэргэжлээр суралцсан байх аж. 80-90 орчим хувь нь 2-3 чиглэлээр суралцсан байх. Мэргэжлийн давхардсан байдлаар авч үзэхэд, энэ парламентад эдийн засагч, эрхзүйч гишүүд хамгийн олон байна. Авууштай нь сүүлийн жилүүдэд инженерүүд ч нэмэгджээ. Мөн эмч, багшаа нэмье гэсээр бид таван эмч, 11 багшийг төлөөллөө болгон оруулсан байна.

Харин сонирхолтой мэргэжилтэй гишүүдээс дурдахад, УИХ-ын гишүүн М.Сарнай дизайнер мэргэжилтэй бол Х.Баттулга гишүүн зураач мэргэжилтэй гэнэ. Танхимдаа ганц дайчин ганцаардахгүй гэдгийг үлгэр болж, геологич мэргэжилтэй Б.Уянга ганцаар сууна.

-Иргэд эдийн засаг, эрхзүйн асуудлыг ТУЛГАМДСАН АСУУДЛААРАА нэрлэж, түүндээ тохирсон мэргэжилтнүүдийг төрд сонгож "илгээжээ"-

Тэгвэл бид төрд төлөөллөө илгээх гэж буй хүнийхээ мэргэжлийг шалгуур болгож хардаг уу. Магадгүй бид өөрт ямар чиглэлийн асуудал тулгамдаж байгаагаас шалтгаалан тухайн салбарын мэргэжилтнийг төрд оруулах шаардлагатай гэж хардаг ч байж болох юм. Үүнийг баталж болохуйц нэгэн судалгаа байна. Эл судалгаагаар иргэдээс өөрт тулгамдаж буй асуудлуудаа нэрлэхийг хүссэн байна.

Үүнээс харахад, иргэдийн хамгийн их хөндсөн ТОП 10 асуудлын 4 нь эдийн засагтай холбоотой байх аж. Түүнчлэн хууль, шударга ёстой холбоотой мөн адил 4 асуудлыг нэрлэжээ.

Хамгийн сонирхолтой нь энэхүү судалгаа нь сонгуулийн өмнө буюу 2024 оны 4 дүгээр сард хийгдсэн судалгаа. Өөрөөр хэлбэл, иргэдийн өмнө эдийн засаг, хууль эрхзүйн асуудал хамгийн ихээр тулгамдаж буй тул энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг ч төрд оруулахыг илүүд үзэж, хоёрхон сарын дараагаар сонголтоо ийн хийжээ. Иргэдийн санаа, бодол болоод санал өгөлт хоорондын шууд харилцан хамаарлыг энд харж болохоор байгаа юм.

-Эдийн засагч, эрхзүйч САЙД НАР хамгийн ИХ бол КАБИНЕТЫН ТЭРГҮҮН маань өөрөө СЭТГҮҮЛЧ, УЛСТӨР СУДЛААЧ, ЭРХЗҮЙЧ мэргэжилтэй-

Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа ямар мэргэжилтэй хүмүүсээр бүрдүүлсэн бэ гэдэг анхаарал татаж байна. Үүнд хариулах үүднээс дараах мэдээлэлтэй танилцъя.

Мэдээж өмнө хэлсэнчлэн сайд нар ч хамгийн багадаа нэг мэргэжил эзэмшжээ. Эдийн засагч, эрхзүйч, бизнесийн удирдлага чиглэлийн мэргэжилтэй сайд нар хамгийн олон аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентаасаа арай ч дуучин, жүжигчин, зураач нараа сонгоод сайд болгочихсонгүй. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн түүний хувьд өөрөө сэтгүүлч басхүү эрхзүйч мэргэжилтэй нэгэн аж.

-Иргэдийн хэлснээр Засгийн газрын бүтцээ оновчтой зурсан уу. Эмч мэргэжилтэй хүнээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбараа "базуулж" байхад...-

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцээ зурахдаа сайд нарынхаа мэргэжлийг бодолцож, харж үзсэн болов уу. Учир нь парламенттай харьцуулахад иргэдийн тулгамдаж буй асуудалд харьцангуй ойроос бөгөөд чиглэл бүрээр нь анхаарч ажиллах боломжтой бүтэц нь Засгийн газарт бий. Тэгвэл сонгуулийн өмнө дараах судалгаанд оролцсон иргэд Засгийн газрыг дараах асуудлуудад анхаарах шаардлагатай байгааг хэлж байжээ.

Энэ утгаараа салбарт бүрт энэ асуудлуудаа анхаараад явах хэмжээний мэргэжлийн хүмүүсийг нь ТОМИЛООСОЙ гэж хүссэн. Судалгааны үр дүн өмнөхийн адилаар эдийн засаг, эрхзүйн асуудлууд ТОПООР нэрлэгдсэн байх аж. Гэтэл хамгийн сонирхолтой нь зарим сайд нь яг мэргэжлийн гэж хэлэхэд хэцүү. Ц.Туваан сайдыг л жишээлээд үзэхэд, Хүний их эмч мэргэжилтэй тэрбээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажилладаг. Автоматикч телемеханикч гэх "ховор" мэргэжилтэй Б.Чойжилсүрэн сайд маань Эрчим хүчний салбараа толгойлж байна. Товчхондоо, иргэд асуудал нь энэ шүү гэж хэлээд өгсөн ч Засгийн газрын бүтцээ тийм ч оновчтой зураагүй гэлтэй....

Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа
Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа
 
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Маргааш “Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!