Өмнөд Солонгост сүүлийн 24 цагт цар тахлын 1600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Иймд тус улс "Ковид-19" цар тахлын дөрөв дэх давлагаа үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Сөүлээс бусад бүсэд цар тахлын дэглэмийг ахиулж, хоёр дугаар түвшинд хүргэж байна.
Сөүлийн эргэн тойрны Инчон, Гёнги мужид нийгмийн зай барих хоёрдугаар түвшинд шилжсэнээр нэг дор наймаас дээш тооны хүн цуглахыг хоригложээ. Өмнөд Солонгост вакцинжуулалтын явц удаан байгаагийн зэрэгцээ коронавирусний дельта хувилбар тархаж байгаа нь шинэ тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэхэд гол нөлөө үзүүлж байгаа юм байна. 51.3 сая гаруй хүн амын 50 гаруй хувь нь амьдардаг Сөүлийн бүсэд нийгмийн зай барих хамгийн хатуу буюу дөрөв дүгээр түвшний хязгаарлалт даваа гарагаас эхэлсэн.
Сөүлд бүртгэгдэж байгаа халдварын шинэ тохиолдлын 70 гаруй хувь нь дотоодод дамжсан халдвар юм байна. Өмнөд Солонгосын засгийн газар олон улсаас авах вакцины нийлүүлэлтийг түргэсгээгүйн улмаас тус улсын вакцинжуулалтын явц удааширсан гэж зарим иргэд нь шүүмжлэлтэй хандаж байна. Одоогоор тус улсын 15.84 сая хүн буюу 30.8 хувь нь коронавирусний эсрэг вакцины эхний тунд хамрагджээ.
Гэвч энэ нь зургаа дугаар сарын сүүлээр 29.8 хувьтай байсан үзүүлэлтээс дорвитой ахиагүй буюу вакцинжуулалт удаан байгааг илтгэж байна. Харин хоёр тунд хамрагдсан хүний тоо дөнгөж 6.2 хувь буюу хүн амын дөнгөж, 12 хувьтай байна. Өмнөд Солонгосын засгийн газар энэ оны 11 дүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулах зорилт тавиад байгаа юм.