УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; хэлэлцэж байна. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Энэ хууль мэдээлэл авах чухал боломжийг нээж өгч байна. Ялангуяа тендер худалдан авах ажиллагаатай холбоотой, мэдээлэл авах эрх, хар жагсаалт гэх мэт. Төрийн байгууллагын ажлын сул орон тооны асуудал байдаг. Нууж байгаад ах дүү, хамаатан саднаа томилчихлоо гэх мэт асуудал гардаг. Энэ асуудлыг цэгцэлж бүрэн хуульчилж чадвал дэвшил болох гээд байна. Үндсэндээ сүүлийн жилүүдэд сошиалаар ажил явуулдаг болох гээд байна. Төрийн байгууллагууд сошиалаар мэдээлэл авч, шийдвэрээ өөрчилдөг. Ийм байлгахгүй үүднээс төрийн байгууллагууд иргэдээ бодит мэдээллээр хангах, иргэд нь бодит мэдээлэл авах боломжтой болох юм байна.
УИХ-ын гишүүд мэдээлэл авах гэхээр тодорхой хэсгийг нь нууц гээд ирүүлдэггүй. Жишээ нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн гэрээ хийж буй байдал, нүүрсний гэрээний байдал, санхүү үйл ажиллагааны зардлын асуудал энэ хуулиар нууцад орох уу, ил байх ёстой юу?"
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрхзүйн хуулийн этгээдийн ашиг алдагдлын тайлан, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын овог нэр, авч байгаа цалин хөлсийг ил болгоно гээд энэ хуулинд заачихсан. Би ч бас тантай санал нэг байна. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд, яг ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад компанийн гэрээ хэлэлцээр бүх зүйл ил байдаг. Гэтэл эднийх бүх зүйлээ хаачихдаг. Тэгэхээр энэ хуулиар байгууллага ямар хүрээнд мэдээллээ нууцлах вэ гэдгийн хязгаарыг тогтоож өгнө. Аливаа юм ил тод байж байж, авлига ашиг сонирхлоос ангид байх боломж бүрдэнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Банкны тухай хуулиар хувь хүний мэдээлэл нууцлалтай байдаг. Гэтэл сүүлийн үед сошиалаар төлбөр тооцооны мэдээлэл баримтууд ил гараад байна. Банк болон ААН-ийн хооронд хийсэн хэлцлүүд ил гардаг. Энэ мэдээллийг нээлттэй байх учиргүй гэж бодож байна. Мөн мэдээллийг ил болговол ямар хуулийн зохицуулалт байгаа вэ?
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энэ хуулийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа цахимын гурван хууль явах юм. Тоон гарын үсэг, кибер аюулгүй байдлын хууль, хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл явна. Үүнд хувь хүний нууц мэдээллийг яаж хамгаалах тухай бий. Хувь хүний мэдээлэл нууц хаалттай байна" гэлээ.