Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Туул: Амралтын газарт үйлчлүүлсэн иргэн халдвар авбал тухайн ААН, байгууллага эмчилгээний зардлыг даана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 51 секунд

Цар тахлын үед үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй ААН, байгууллагууд “Хариуцлагын гэрээ”-г байгуулж эхлээд буй. Тухайлбал, өнгөрөгч зургаадугаар сарын 26-нд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ААН, байгууллагуудтай "Хариуцлагын гэрээ"-г байгуулсан байдаг. Тэгвэл өчигдөр буюу долдугаар сарын 4-нд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагын 400 орчим төлөөлөлтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзаж, "Хариуцлагын гэрээ"-г байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, хариуцлагын гэрээ байгуулсан амралт жуулчны бааз, саун, фитнесүүд үйл ажиллагаагаа нээх боломжтой болоод буй. Тэгвэл амралт, жуулчны баазуудын үйл ажиллагааг хэвийн явуулахад Хариуцлагын гэрээний дагуу ямар журам мөрдөх ёстой талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын үйлчилгээний байгууллага хариуцсан мэргэжилтэн С.Туулаас тодрууллаа.

-Өчигдрөөс эхлэн амралт жуулчны бааз, саун, фитнесүүд үйл ажиллагаагаа нээх боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар хэчнээн амралт, жуулчны баазтай “Хариуцлагын гэрээ”-г байгуулаад байна вэ?

-Нийслэлийн аялал жуулчлалын газраас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй амралт, жуулчны баазуудтай гэрээ байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 74 орчим амралтын газар, жуулчны баазтай “Хариуцлагын гэрээ”-г байгуулаад байна.

-Урин дулааны улирал болж буйтай зэрэгцэн амралт, жуулчны баазуудыг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэх байх. Ер нь амралт, жуулчны баазуудад гэрээнд заасан үндсэн заалтуудаас гадна өөр нэмэгдсэн заалт бий юу?

-Цар тахлын үед мөрдөх тусгай нөхцөл шаардлагыг уг гэрээнд тусгаж өгсөн байгаа. Ингэхдээ амралт, жуулчны баазуудад коронавирусийн эсрэг вакцин хийлгээд 14 хоносон иргэдийг нэвтрүүлж, үйлчлэх шаардлагыг тавьж байна. Түүнчлэн нэг гэр, байшинд гэр бүлийн 5-аас доош хүнийг хоноглуулах зохицуулалт хийж өгсөн.

-Үйлчлүүлсэн үйлчлүүлэгч коронавирусийн халдвар авсан тохиолдолд тухайн иргэний эмчилгээний зардлыг ААН, байгууллага нь хариуцна гэх заалт “Хариуцлагын гэрээ”-нд заасан нь хэр зөв шийдвэр вэ?

-Хариуцлагын гэрээнд “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34-р зүйлийн 34.2.10-д заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, энэхүү гэрээг зөрчсөний улмаас үйлчлүүлэгч иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн болох нь тогтоогдсон тохиолдолд учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг тухайн ААН, байгууллага хариуцна” гэж заасан. Энэ нь тухайн амралт, жуулчны баазад амрахаар очтол ямар нэг байдлаар тухайн амралтын газарт халдвар хамгааллын дэглэм алдагдаж, хавьтал болсон тохиолдолд дэглэм зөрчигдөж байна гэж үзэж байгаа юм. Энэ тохиолдолд ААН-үүд өөрсдөөс нь тухайн үйлчлүүлэгчийн эмчилгээний зардлыг гаргана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, халдвар хамгааллын дэглэм баримтлах тал дээр ААН, байгууллагуудаа хариуцлагажуулж байна гэсэн үг.

-Амралтын газрын ажилчдын тоонд хязгаарлалт тогтоож байгаа юу?

-Энэ нь тухайн амралт, жуулчны баазуудын өөрсдийнх нь дотоод зохион байгуулалттай холбоотой. Вакцины бүрэн тунтай ажилтныг ажиллуулах заалт гэрээнд бий.

-Тухайн байгууллагаар үйлчлүүлээд халдвар авсан нь тогтоогдсон тохиолдолд гэж ярьлаа. Тэгвэл ямар байгууллагаар үйлчлүүлснээс халдвар авсан бэ гэдгийг хэрхэн тогтоох юм бэ?

-Коронавирусийн вакцин шалгах аппликейшнээр тухайн иргэний үйлчлүүлсэн газруудын маршрут, өвчлөлийн илрэх хоног зэрэгт эрүүл мэндийн байгууллагууд тандалт судалгаагаа хийчихнэ шүү дээ. Эдгээрээс нэгтгээд тухайн иргэний хаанаас халдвар авсан нь тодорхой болох юм.

ААН, байгууллагууд гэрээтэй холбоотой санал, бодлоо ирүүлсээр байгаа. Гэхдээ дэлхий нийтээр тархсан цар тахлын дэгдэлт өндөр байгаа энэ үед ААН, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих үүднээс хариуцлагын гэрээг байгуулж байгаа гэж ойлгож болно. Тухайн байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа гэрээнд тусгасан заалтуудаа мөрдөж байгаа тохиолдолд ямар нэгэн асуудал үүсэхгүй шүү дээ.

"Файзер", "Спутник-V" вакциныг нэг цэгт хийж байгаа учир бөөгнөрөл үүсч, халдвар хамгааллын дэглэм алдагдаж байна
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.