УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Энэ танхимаас гараад явлаа бол та бүхэн Монгол Улс. Та бүхэн Монгол Улсыг төлөөлнө. Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Алтангэрэл гэж хүн Монголдоо ирэхгүйгээр гурав дараалан гадаадад томилогдоно гэдэг зөв бодлого уу. Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар У.Нямхүү гэж эмэгтэйн тухай бас мэдээлэл авмаар байна. Ямар учиртай хүнийг томилоод байна. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Мөнхбаяр яригдаж байна. Энэ хүн Хотын менежер байсан хүн. Сайн дипломат ч байж чадах уу. АНУ-д Элчин сайдаар Ө.Батбаяр гэж хүн томилогдох гэж байна. Энэ бол мундаг залуу. Гэхдээ АНУ-ын тал сайн сайхнаар хүлээж авах уу"
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Нэг орноос нөгөө орон руу царцаа шиг нүүлгээд байдгийг болиулмаар байна. Социализмын үеэс л ГХЯ-нд тогтсон хатуу зарчим байдаг. Дөрвөн жил ажиллалаа, Монголдоо 4-5 жил ажиллаж, мэргэшүүлж байгаад Элчин сайдаар томилдог.
Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг би дэмжиж чадахгүй. Энэ уг нь миний хуурай дүү. Гэхдээ зарчим гэж байх ёстой. Р.Алтангэрэл Канадад ажиллаад л монголд ирээд дахиад өөр улс руу томилогдоод, тэндээсээ дахиад Женев яваад л. Ийм байж болохгүй.
Мөн албан тушаалыг харгалзаж явуулмаар байна. Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг дэмжиж чадахгүй. Хэл устай сайн хүн байна л даа. Гэхдээ энэ хүнийг дөнгөж энэ жил тус улсын Элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилчихоод байгаа. Гэтэл томилогдоод хэдхэн сарын дараа Элчин сайдаар томилохоор Францууд яаж хүлээх авах уу. Шат дараатай томилогдох ёстой шүү. Мөн жендерийн асуудалдаа анхаармаар байна. Энэ оруулж ирсэн 24 хүний 3 нь л эмэгтэй байна. Үнэхээр томилох хүнгүй бол өөр хэрэг. Гэтэл ГХЯ-ны гол гол газрын дарга нар ихэвчлэн эмэгтэйчүүд бий шүү."
ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Элчин сайд нарыг томилдог Үндсэн хууль, холбогдох хуулиудад заасан дэг жаяг бий. Элчин сайдуудыг Засгийн газар, холбогдох яам нь санал болгоод Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Ерөнхийлөгчид нэр нь ирдэг. Энэ дагуу Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцдөг. Элчин сайдуудын томилоход УИХ өөрсдөө сайн анхаарах ёстой. Хэвлэлээр явж байгаа мэдээллээр мэдээлэл аваад байж болохгүй. Энэ хүмүүс Монголын төрийг төлөөлж очиж байгаа хүмүүс шүү дээ. Тиймээс энэ асуудлыг нээлттэй хэлэлцдэг нь хэр зохимжтой вэ.
Р.Алтангэрэл, У.Нямхүү нар зохих ёсны шалгуурыг хангасан хүмүүс. Тухайлбал, У.Нямхүү бол 40 настай, дипломат албанд 11 жил ажиллаж байгаа хүн. Шат шатных нь дамжлагаар явсан хариуцлагатай хүн. Р.Алтангэрэлийн хувьд манай улс урдаа барьдаг дипломатуудын нэг. Канадад Элчин сайдаар сууж байгаад ирээд, одоо Бельгид сууж байгаа. Эргээд Швейцарь руу томилогдож байна"
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Жендерийн асуудал хөндөгдөж байна. Би Гадаад харилцааны яаманд 5 дахь жилдээ ажиллаж байна. Намайг дэд сайд байхад ГХЯ-ны нэг эмэгтэй газрын захирал байсан. Өнөөдөр үндсэндээ дөрвөн газрын захирал нэмэгдсэн. Газрын дарга нарын 30 хувь нь эмэгтэй. Сая Элчин сайдад газрын захирал 5 эмэгтэйгээ Киргиз, Лаус, Казакстан, Вьатнем, Энэтхэг улсуудад Элчин сайдад нэр дэвшүүлсэн. Өөрсдөө Европын орон болон Сингапур улсуудыг хэлээд санал болгосон тухайн орнуудаас татгалзсан. Тиймээс энэ улс орнуудад эрэгтэй, захирлуудад санал болгосны үндсэн дээр өнөөдөр энэ нэрс орж ирж байна" гэлээ.