Монгол улсад Чингис хаанаас ч өмнөх үеэс мал аж ахуй хөгжиж иржээ.
Түлхүүр мэдээлэл:
- Монголд ноолуурын эх үүсвэр болохын зэрэгцээ бэлчээрийн доройтлын гол шалтгаан болж буй 27 сая ямаа байна.
- Монгол улс өдгөө ямааг өсгөж ноолуурын борлуулалтаа нэмэгдүүлэх үү эсвэл ямааг цөөлж байгаль орчноо хамгаалах уу гэсэн сонголтын өмнө ирээд байна.
- НҮБ болон МУ-ын ЗГ-аас дээрх хоёрыг аль алийг нь хослуулах шинэ санаачлага дээр нэгджээ.
Өнөөдөр BBC-ийн сайтад Монгол ноолуурын үйлдвэрлэл болон бэлчээрийн даацын асуудлыг ийнхүү хөндөн бичжээ.
Монголын үржил шимт ногоон талын 70 орчим хувь нь бэлчээрийн даац хэтэрснээс болж доройтжээ. Үүний гол буруутан нь тус улсад өндрөөр үнэлэгддэг 27 сая ноолуурын ямаа аж. Монгол улсын 31 сая хониноос ялгаатай нь ямаа газар ухаж, ургамлын үндсийг идэн, дахин ургахад туйлын бэрх болгодог аж. Үүн дээр нэмээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Монгол орны өвс ургамлын дөрөвний нэг нь цөл болж хувирч байгааг НҮБ анхааруулжээ.
Монгол улс нь энэ цаг үед дэлхий нийтийн ноолуурын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах замаар илүү их орлого олох уу, эсвэл ноолуурын үйлдвэрлэлийг багасгах замаар байгаль орчны сөрөг нөлөөлийг бууруулах уу? Гэсэн 2 сонголттой тулгараад байна.
Тэгвэл Монголын Засгийн газар болон НҮБ дээрх хоёрыг аль алийг нь хослуулах шинэ санаачлагыг олжээ. Тэдгээр нь нэгдүгээрт, мал аж ахуйн бодлогыг шинэчлэх, хоёрдугаарт Улаанбаатарт ноолуурын бүх шатны боловсруулалт хийж, “Монголд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүн шууд үйлдвэрлэх томоохон үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй гэжээ.
Дорнод аймгийн малчин н.Батмөнх. Зургийн эх сурвалж: BBC
Дорнод аймгийн малчин н.Батмөнх хэлэхдээ “Дэлхийн зах зээл дээр Монгол ноолуур өөрийн чанараар хангалттай үнэлэгдэж чаддаггүй нь харамсалтай. Учир нь бидний самнасан ноолуурыг Хятад болон бусад ноолууртай хольж дамнадаг” гэжээ.
"Монгол малчдын самнасан түүхий ноолуурын 90 хувийг Хятадын наймаачид худалдан авч Монголд үйл ажиллагаа явуулдаг Хятад эзэдтэй компаниудад дамлан зардаг" хэмээн Тогтвортой Шилэн Нэгдсэн Холбооны зөвлөх Зара Моррис Трэйнор хэлжээ. Эдгээр Хятад боловсруулах үйлдвэрүүд нь түүхий ноолуурыг угааж цэвэрлээд, дараа нь боловсруулж, хятад дахь оёдлын үйлдвэрүүд рүү экспортлодог байна.
Тиймээс юун түрүүнд дотооддоо ноолуурын бүх шатны үйлдвэрлэл явуулж, эцсийн бүтээгдэхүүн гаргадаг томоохон үйлдвэрийг барих ёстой гэж үзжээ.
Хяналтыг сайжруулахын тулд ноолуурын шуудайнд GPS шошго суурилуулж байна. Зургийн эх сурвалж: BBC
Харин өөр нэгэн зайлшгүй авах ёстой арга хэмжээ бол дээр дурьдсанчлан мал аж ахуйн бодлогыг шинэчлэх юм. Ингэхдээ ноолуурын борлуулалтыг хянах, зохицуулах боломжийг бий болгох хэрэгтэй гэжээ. н.Батмөнх одоо ноолуурыг нийслэл хотод байгуулагдах шинэ боловсруулах үйлдвэр хүртэл найдвартай хүргэх зорилгоор блокчейн технологийг ашиглах туршилтын ажилд оролцож байгаа аж.
Тус технологи нь малчид гар утасны аппликейшн ашиглан борлуулсан ноолуураа бүртгүүлж, мөрдөх шошгийг хавсаргах зориулалттай юм байна. Энэхүү аппликейшнийг Торонтод төвтэй Convergence Tech компани бүтээсэн бөгөөд уг компани нь Монголын зүүн хойд нутгийн гурван аймагт НҮБ-тай хамтран ажилладаг байна.
Пүүсийн гүйцэтгэх захирал Чами Акеемана “Тус аппликейшний тусламжтайгаар түүхий эдийн зах зээлийн эмх замбараагүй байдлыг арилгаж, хичнээн хэмжээний ноолуур нийлүүлж буйг үнэн зөв тооцох, цаашлаад бэлчээрийн даац хэтэрсэн бүсүүдэд хязгаарлах боломжтой болно” гэжээ. Ингэснээр дэлхийн олон хэрэглэгчдийн хамгийн чанартай гэж үздэг Монгол ноолуур дотооддоо үйлдвэрлэгдэж, дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэх аж. Үүний хажуугаар бэлчээрийн даац хэтэрсэн бүсэд ноолуурын борлуулалтыг хязгаарлах замаар ямааг цөөрүүлэн, байгаль орчноо хамгаалах боломжтой юм байна.
Харин Улаанбаатар хотод ноолуурын үйлдвэрүүд нэмж барихын тулд МҮХАҮТ хувийн хэвшлийн түншүүдтэй хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: BBC
Х.Үүрийнтуяа