Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг өдөр 13 генерал цол олгосон нь юуны цондон бэ?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 24 секунд

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр \2021.04.28\ зарлиг гаргаж цэрэг, арми, тусгай албаны нэр бүхий 13 хүнд генерал цол олгов. Үе үеийн Ерөнхийлөгч нар албан тушаалаасаа буухаас өмнө “төрийн шагналыг бөөндлөө, нүдээ олоогүй шагнал олголоо” гэсэн шүүмжлэлд өртсөөр ирсэн. Тэгвэл төрийн шагнал биш цэргийн хамгийн дээд цолыг бөөндсөн анхны Ерөнхийлөгч Х.Баттулга болж түүхэнд үлдэх нь ээ.

   Төрийн шагнал нь бэлэгдлийн шинжтэй нийгмийн харилцааны шууд үр дагавар багатай. Харин цэргийн цол арми, батлан хамгаалах салбар, тусгай албаны харилцаанд шууд нөлөөтэй. Ялангуяа генерал цол бол цэргийн хамгийн дээд цол гэдгээрээ маш өндөр хэргэм, эрх мэдлийг дагуулдаг. Гэтэл нэг дор ийм олон хүнд генерал цол олгосон нь ямар шалтгаантай вэ? Гэдэг асуулт олны гайхширлыг төрүүлэх боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулгыг үймээн, самуун төрийн эргэлтэнд бэлдэж байгаа гэсэн хардлага ид явж байх үед цэрэг армийханд ийнхүү цол олгосон нь байдлыг улам эргэлзээтэй болгож байгаа юм.

   Үгүй юмаа гэхэд тэрээр генерал цолонд дэндүү үрэлгэн хандлаа. Монгол Улс 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр цэргийн гарамгай зүтгэлтэн 11 хүнд генерал цол олгосноос хойш 77 жилийн хугацаанд 185 хүнд энэхүү хүндтэй цолыг олгожээ. Тэднээс өдгөө 91 хүн энх тунх албан үүргээ гүйцэтгэж, зарим нь гавьяаны амралтандаа сууж байна. Ийнхүү тэдний эгнээнд нэг өдөр 13 хүн нэмэгдэв. Генерал цолыг олгож ирсэн жишгээс харвал жилд хамгийн ихдээ 3, багадаа 1 хүнд энэ цолыг олгож иржээ. Зарим жилд огт энэ цолыг олгоогүй нь ч бий.

   Дайны цагт 11 генерал төрж байсан нь хамгийн ихэд тооцогдож байсан бол тайван цагт ийнхүү 13 хүнд нэг өдөр энэ хүндтэй цолыг олголоо. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн шагналын нэр хүнд, үнэ цэнийг унагасан гэх шүүмжлэлийн араас генерал цолны үнэ цэнийг алдагдуулсан гэх шүүмжлэлд өртлөө.

   Нөгөө талаараа эдгээр хүмүүсийн дунд олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа уг цолыг авах зүй ёсны эрхтэй хүмүүс цөөнгүй бий. Гэтэл энэ дунд улс төрийн сэдлээр зарим хүнд генерал цол олгочихов уу гэсэн хардлага төрж байна. Жишээлбэл ОБЕГ-ын дарга, дэд даргад адилхан генерал цол олгосон атлаа ШШГЕГ-ын дэд дарга Д.Дамдинцэрэнд генерал цол олгоод харин дарга Д.Загджавыг “жийжээ”. Өөрөөр хэлбэл МАН-ын угшилтай дарга Д.Загджав нь цолны эрэмбээр орлогчоосоо доор байхаар зөрчилтэй байдлыг тэр энэхүү зарлигаараа бий болгоод байгаа юм. Нийт генерал цол авсан эрхмүүдийн дийлэнх буюу 9 нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь шууд харьяанд байдаг ЗХЖШ-ын бие бүрэлдхүүнээс тодорсон. Эдгээр хүмүүсийг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө ихэнхийг нь томилуулсан гэх мэдээлэл бий. Харин цагдаа, тагнуул, АТГ зэрэг Засгийн газрын бусад агентлагуудаас генерал цолтон төрөөгүй нь улс төрийн агуулгаар уг цолыг ялгавартайгаар олгосон гэх шүүмжлэлийг улам бодитой болгож байгаа юм.

   Ямартай ч Монгол Улс тайван цагт нэг өдрийн дотор 13 генерал цолтонтой боллоо. Цаашид эдгээр хүмүүс маань өргөсөн тангарагтай үнэнч байж, цэрэг арми, эх орныхоо төлөө ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж хүлээх л үлдэж байна.

О.Цагираг

УИХ-ын дарга Г.Занданшатар байнгын хороогоор Ц.Анандбазарын асуудлыг хэлэлцэх үүрэг өглөө
УИХ-ын дарга Г.Занданшатар байнгын хороогоор Ц.Анандбазарын асуудлыг хэлэлцэх үүрэг өглөө
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.