"Оюутолгой"-н хөрөнгө оруулагч талтай хийх Засгийн газрын хэлэлцээ эхлээд буй. Уг хэлэлцээний талаар эх сурвалжуудаас мэдээлэл авснаа хүргэж байна.
Засгийн газрын ажлын хэсэг нь дотроо Хуулийн, Техникийн, Санхүүгийн асуудал хариуцсан ажлын дэд хэсгүүдтэй бөгөөд чиглэл тус бүрээр мэдээлэл санал боловсруулж нэгтгэжээ. Дэд хэсгээс бэлтгэсний дагуу дээрх хууль, санхүү, техникийн чиглэл бүрт хөрөнгө оруулагчдад тавих санал, шаардлага байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдад бичгээр хүргүүлээд байгаа гэлээ.
Хамгийн эхэнд гэхэд татварын орчны талаар хөндөж Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэлд Оюутолгой Нидерланд БиВи, Ти Эйч Ар Оюутолгой БиВиАй нараас гадна түүний хамааралтай этгээд, гэрээт гүйцэтгэгч нарыг хамруулж энэ гэрээний ашиг тусыг хэт олон субьектэд эдлүүлэхээр байгааг хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улсын Засгийн газар олон улсын арбитрт дуудагдаж хариу тайлбар өгөх үүрэг хүлээсэн. Тэгвэл, арбитрт дуудагдахын өмнө Монгол Улсын Засгийн газар зарим шийдвэрээ эргэн харах нөхцөл бүрдүүлэх үүднээс Хөрөнгө оруулалтын гэрээний маргаан шийдвэрлэх гэсэн бүлэгт Монгол Улсын хууль тогтоомжид заасан урьдчилан шийдвэрлэх үйл ажиллагааг зохих журмын дагуу хийлгэсний дараа Лондонгийн болон бусад Олон улсын арбитрын шүүхэд ханддаг байхаар тусгаж хэлэлцээнд оруулаад байгаа аж. Арбитрт хандахын өмнө Монгол Улсад шийдвэрлүүлж байх санал хэлэлцээний үеэр дэмжигдээд байна.
Харин УИХ-аас томилогдсон Түр хорооны гишүүд Засгийн газрын дэд хэсгүүдийг яаралтай хариу боловсруулан Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг Олон Улсын арбитрт сөрөг нэхэмжлэх гаргаж хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй хэмээн шахаж байгаа мэдээлэл байна. Засгийн газрын ажлын хэсэгт ч “Оюутолгой”-н эсрэг сөрөг нэхэмжлэх гаргаж зардлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлийг тусган хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн байр суурьтай өндөр албан тушаалтан байгаа аж. Тиймээс Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Бид өөрсдөө хэлэлцээний ширээний ард сууж байж дотроо байр сууриа нэгтгэх хэрэгтэй” хэмээн УИХ-ын Түр хорооны гишүүд болон ажлын хэсгийнхэндээ сануулсан байна.
Төслийн хөрөнгө оруулагчид Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын сэнхүүжилтийн гэрээг баталсан дүнгээс зардлаа хэтрүүлж 6 тэрбум 700 сая ам.долларт хүргээд байна. Бүтээн байгуулалтын хугацаа ч мөн хойшилсон. Ашиглалтад орох хугацаа нийт 22 сар буюу 2 жилээр хойшилсон нь Монголын талд ирэх татвар, ногдол ашгийг хойшлуулж байгаа хэрэг гэдгийг монголын тал байнга анхааруулдаг. Хөрөнгө оруулагчдыг Далд уурхайн зардал өссөн тухай мэдээллийг нуун дарагдуулсан асуудлаар АНУ-ын Санхүүгийн зохицуулах хороо болон арбитрт шалгагдаж байгаа мэдээлэл байгаа бөгөөд тухайн байгууллагуудтай холбоо тогтоогоод мэдээлэл солилцож байгаа аж.