АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн одон орон судлаачид Тэнгэрийн ван гаргаас ялгардаг рентген туяаг анх илрүүлснээ зарлажээ. Энэхүү нээлтийг хийхийн тулд тэд 2002, 2017 онд “Чандра” сансрын дурангаар хийсэн ажиглалтын мэдээллүүдийг ашигласан байна. Судалгааны үр дүн “JGR Space Physics” сэтгүүлд нийтэлсэн байна.
Шинэ судалгааныхаа үеэр эрдэмтэд "Чандра" рентген ажиглалтын төвөөс 2002, 2017 онд авсан зургуудаас анх удаа Тэнгэрийн вангаас ялгарч буй рентген туяаны тод гялбааг олж илрүүлжээ. Судлаачид энэ цацрагийн ихэнх нь Тэнгэрийн вангийн хийн бүрхэвчид тархсан нарны спектрийн рентген туяанаас, мөн Санчир гаригтай адил цагиргийнх нь системээс цацардаг гэж үзэж байна.
Рентгений туяаны зарим хэсэг нь Тэнгэрийн ван дээрх туйлын туяанаас цацардаг гэж таамаглаж байна. Өмнө нь үүнтэй төстэй эффект Дэлхий болон Бархасбадийн рентген диапазонд, мөн Тэнгэрийн вангийн бусад долгионы уртад ажиглагдаж байжээ.
Дэвсгэр мэдээлэл: Тэнгэрийн ван бол аварга том мөсөн гараг бөгөөд нарны аймгийн долоо дахь гараг юм. Түүний диаметр нь Дэлхийнхээс дөрөв дахин том ажээ. Бархасбадь, Санчир гаргийн адил Тэнгэрийн ван нь экватороо тойрсон хоёр хэсэг бүхий цагирагтай боловч нарны аймгийн эдгээр гаргаас ялгаатай нь хажуу талдаа эргэлддэг. Тэнгэрийн ван гаргийг бараг бүхэлдээ устөрөгч ба гелигээс бүрддэг гэж үздэг.