Дэлхийн топ баячуудын нэг, Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс өнгөрсөн Баасан гарагт Reddit сошиал сайтын Ask Me Anything буланд оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хүмүүсийн асуултад хариулжээ.
Хүн төрөлхтнийг хамарсан цар тахлын аюулыг олон жилийн өмнөөс анхааруулж байсан Гэйтс энэ удаа уур амьсгалын өөрчлөлт ирээдүйд ямар аюул учруулах талаар ярьсан байна. Түүний тооцоолж байгаагаар нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл 2060 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас амиа алдах хүний тоо Covid-19-ийн учруулсан хохирлын хэмжээнд хүрэх гэнэ. Харин 2100 онд байгалийн гамшиг нь цар тахлаас тав дахин олон хүний аминд хүрдэг болох төлөвтэйг Гэйтс анхааруулжээ.
Агаар мандал дахь хүлэмжийн хийг бууруулж, дэлхийн дулаарлыг удаашруулахын тулд хүн бүр хэрэглээгээ танах шаардлагатайг тэр хүмүүст зөвлөсөн байна. “Хувь хүнийхээ хувьд би бас тэмцэж байгаа. Би цахилгаан хөдөлгүүртэй автомашинтай болсон. Гэртээ нарны эрчим хүчний үүсгүүр суурилуулсан. Хүнсэндээ синтетик мах хэрэглэдэг боллоо. Нисэх онгоцондоо ‘ногоон түлш’ хэрэглэж байгаа” гэж Гэйтс бичжээ.