Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход гуравхан сар гаруйн хугацаа үлджээ. УИХ-д суудалтай дөрвөн намын төлөөлөл энэ удаа ард өрсөлдөж, ард түмнийхээ саналаар сонгогдох учиртай.
МАХН-ын дарга МАН-тай нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо удаа дараа мэдэгдээд буй. Хэдийгээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар үүнийг эсэргүүцэж байгаа ч түүний тэмцэл үр дүнд хүрэхгүй л болов уу...
Харин эрх баригч болох МАН-аас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь нэгэнт тодорхой болсон.
ХҮН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ард түмнээсээ асуух аян өрнүүлээд буй. Гэвч улс төрийн шинэ хүчин тул тэдэнд найдвар бараг л байхгүй...
АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө цэгцэрч чадахгүй бол “барилдааны хугацаа” дуусах цаг болж байна. АН-аас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дэвших өндөр магадлалтай.
Ингэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын дунд өрнөнө гэх таамаг байна.
Хамтран ажиллаж, ихийг хийхээр нэгдсэн гэдгээ нэгэн цагт тунхаглаж байсан ч зам салсан тэдний өрсөлдөөнөөс хэн ялах нь тааварлашгүй зүйл. Учир нь тэд хүч тэнцүү гэхэд болно. Наад зах нь л гэхэд хамгийн тролл багуудтай, хоёул улс төрийн хүчирхэг дүр, бас тэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг даган дуурайдаг...
Хүчирхэг тролл баг
Тролл гэдэг нь угтаа Скандинавын домог үлгэрт гардаг агуй, ууланд бүлээрээ суудаг хүн төрхтэй, аймшигт муухай царайтай амьтдын нэр юм. Өнөө цагт бол тусгай байранд сууж, Оросын төр засгийн бодлогоор бусад улсын эсрэг үзэл суртал түгээгч хүмүүсийг ийн нэрийдэх болжээ. Хөөтэй харыг ч хэн нэгний нүдэнд алтан шараар гялалзах хэмжээнд магтаж, мөлчийлгөж харагдуулах эсвэл жинхэнэ алтыг химийн хортой бүтээгдэхүүн болгож муучлах ажлыг зохион байгуулалттайгаар харагдуулах ажил бол тэднийх.
2020 оны УИХ-ын сонгууль цахимаар явагдсан. Сурталчилгаагаа цахимаар хийж, уулзалтуудаа хэдхэн хүний хүрээнд хийж байсан. Тэгвэл том тролл багтай нэр дэвшигчдийн хувьд шинээр төрсөн мэт мөлчийтөл “долоолгоод” гараад ирэхэд иргэд аль итгэснээ л сонгож таараа...
Ар тал-Намын дэмжлэг
У.Хүрэлсүх МАН-аа гартаа атгаж, хурууныхаа аясаар хөдөлгөж чадаж байгаа. Намынхаа шат шатны албан тушаалд ажиллаж байсан нь түүнд энэ хүчийг өгсөн биз ээ. Түүнийг нэр дэвшихэд намынхан нь дуу нэгтэй өргөөд л гаргаад ирнэ.
Харин Х.Баттулгын хувьд 2016 оны сонгуульд намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрх авсан үе шигээ намаа атгандаа зангидаж чадаж байгаа юу. Хэрэв чадаж байсан бол АН-д үүсээд байгаа нөхцөл байдал яагаад одоо хүртэл цэгцрэхгүй байна вэ... Хэрэв тэрбээр намаасаа нэр дэвших эрхээ авч чадвал “Унасан хүн ууртай” гэгчээр түүнийг ялуулах чадал бий. БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг даргыг эсрэг хүчнийхэн ажлаас нь халсанд хэдэн өдөр дараалж, эсэргүүцлээ илэрхийлж байгаагааг АН-ын энгийн гишүүдийн тэмцэл мохоогүйг харж болох биз ээ.
Гол тоглогч
Тэдний аль аль нь улс төрийн гол тоглогч гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Улс төрд үргэлж дэвшсэн түүх тэднийх. Бас дургүй хүргэсэн нэгэнд шанаа өгчих зоригтой эрс.
У.Хүрэлсүх 1991 оноос МАН-ын төв хороонд улс төрийн ажилтнаас эхэлж байсан улс төрийн карерь нь үргэлжилж 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Ерөнхий сайд хүртэлх төрийн дээд албан тушаалаар үргэлжилж байгаа билээ.
Харин Х.Баттулгын хувьд хожуу улс төрд орсон ч АН-ын МоАХ-ны гол санхүүжүүлэгч “Загалмайлсан эцэг” нь байсаар ирсэн. Тэрбээр гурван удаа УИХ-д сонгогдоод дөрөвдэх удаа өвдөг шороодсон ч Монгол Улсын Ерөнхийлөгч болж чадсан.
Бас Х.Баттулга гавьяат тамирчин, дэлхийн аварга. Харин У.Хүрэлсүх спортын мастер, бэлтгэл хурандаа...
Үлгэрлэгч Путин
ОХУ-ын их удирдагч Путинтай энэ хоёр эрхэм ямар нэг байдлаар холбогддог. Х.Баттулга бол жүдо бөхөөрөө холбогдож, улмаар улс төрийн хүрээнд хоёр орны төрийн тэргүүний хувьд танил дотно. Путин хил залгаа манай улсад нийт 4 удаа айлчилж байснаас сүүлийн уулзалтынхаа үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгатай цаг гаруйн ганцаарчилсан уулзалт хийсэн зэрэг нь үр дүнтэй айлчлал болсон.
Харин У.Хүрэлсүхийн хувьд Путинтай адилхан байдлаар даруулсан хэд хэдэн зураг бий. Тэрбээр 2019 оны сүүлээр ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч В.Путинтай уулзсан. Гэвч их удирдагч У.Хүрэлсүхийг хүлээж авах эсэх тухайд дурамжхан байсан бөгөөд Кремльд биш Крымд ирвэл уулз даа гэж арайхийн зөвшөөрч гурван цаг орчим хүлээлгэсний эцэст 50 минутын хугацаанд уулзсан гэдэг. Энэ уулзалт нэг их үр дүнтэй болоогүйг эх сурвалжууд хэлдэг.