Оном сангийн ТУЗ-ын дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар 2021 оны гуравдугаар сарын 14-ны ням гарагт коронавирусний асуудлаар иргэдийн асултад хариуллаа. Энэ ярилцлагаас онцлох 13 эшлэлийг хүргэж байна.
- Ард иргэдийг буруутгах зүйл байхгүй. Монголчууд маскийг сайн хэрэглэж байгаа. Энэ их сайн. Маск хэрэглэсэн үед халдвар авсан ч бага тунгийн халдвар авдаг.
- Хүн амынхаа 65 хувийг вакцинжуулагдтал, халдварын тохиолдол буурах үед маскаа авч болно. Тэр болтол маскаа зүүнэ. Агаар сэтгэлтээ сайн хийнэ. Аль болох хүнээс хол зайтай байхыг хичээх хэрэгтэй.
- Манай улсад орж ирж байгаа вирусын хувилбаруудыг байнга хянаж байх ёстой. Сүүлийн үед халдварын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өссөнийг харахад мутацид орсон шинэ хувилбар ороод ирсэн байх боломжтой. Үүнийг вирусын геномын дараалал тогтоож байж л мэднэ. Өөрөөр мэдэх аргагүй.
- Астразенека бол сайн вакцин. Европын хэд хэдэн улсад 30 орчим хүнд цусны бүлэгнэл үүсгэсэн гэсэн шалтгаанаар түр зогсоогоод байгаа. ДЭМБ, Европын эмийн агентлаг шалгаж үзээд зогсоох шаардлагагүй байна гэж үзсэн учраас вакцинжуулаад явж байна.
- Халдвар гараагүй аймгуудад Улаанбаатартай адил түвшний хязгаарлалт хийж болохгүй. Үүнийг одоо болтол сайн зохицуулж чадаагүй байна.
- Хавьтлаа цахим байдлаар 100 хувь тодорхойлох ёстой. Одоогийн байдлаар цагдаа, тагнуул сайн ажиллаад 50 хувийг тогтоож байна. Үлдсэн хагасыг нь тавиад туучихаж байгаа. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” 33 далд голомтыг тодорхойлсон.
- Шинжилгээний тоо өндөр байвал далд халдваруудаа тогтоох боломжтой. Шинж тэмдэг илрэхгүйгээр халдвар тараах эрсдэл өндөр байна. Нийт массын дунд шинжилгээг их хийх хэрэгтэй. Ингэхгүй бол халдварыг хязгаарлаж, тогтооход бэрх.
- Коронавирусний эсрэг вакцинуудыг чанараар жагсаавал,
- Moderna
- Pfizer
- Jonhson&Jonhson
- Спутник-V
- Astrazeneca
- Халдвар аваад эдгэрсэн хүмүүс 3-6 сарын дараа нэг тун вакцин хийлгэж болно.
- Би вакцин хийлгээгүй. Миний амьдарч байгаа газар вакцинжуулалтаа их хурдацтай хийж байгаа учраас дөрвөн сараас хийлгэх байх. Ямар вакцин хийлгэсэн, хариу урвал яаж үзүүлсэн талаар мэдээлэх болно.
- 2020 оны арваннэгэн сар, арванхоёр сард ЭМЯ-ыг их шүүмжилсэн. Яагаад гэвэл тэр үед алтан боломж байсан. Түргэвчилсэн оношлуурын хуурамч сөрөг хариунаас Сэлэнгийн эмнэлэг, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт халдвар алдсан. Гэхдээ энэ вирусыг бид даваад гарч чадна.
- “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд алдаа их байсан. Одоогийн тогтолцоо болохгүй байна. Олон талын олон мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг сонсох хэрэгтэй. Төрийн хамааралтай хүн шинжлэх ухаанч ажил хийж чаддаггүй.
- AstraZeneca, Спутник-V, Сенофармын гурван төрлийн вакцин Монгол улсад байна. Эдгээрээс хийлгэх боломж нь олдож байгаа вакцин хамгийн сайн вакцин. Эмнэлзүйн судалгааны үр дүн хэдэн тоо байгаа. AstraZeneca халдвар авах магадлалыг 5 дахин, Сенофарм 2 дахин, Спутник-V 10 дахин бууруулна гэсэн үг. Гэхдээ бүгд халдвар аваад нас барахаас бараг л 100 хувь хамгаална.