Японы Чиба аймгийн засаг даргын суудлын төлөө өрсөлдөж буй Юүсүкэ Кавай сурталчилгаандаа Жокерын дүрийг ашиглажээ.
Хоакин Фениксийн гол дүрд нь тоглосон Жокер кино нээлтээ хийснээс кино урлагийн тухай биш, улс төр, нийгэм, сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээ зэрэг сэдвүүдийг хөндсөн мэтгэлцээн үүсгэсэн. “Чиба аймгийг мөрөөдөл, ид шидийн орон болгоё” намын гишүүн Юүсүкэ Кавай удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа аймгийн засаг дарга Кенсакү Моритаг залгамжлахаар төлөвлөж, сурталчилгааны ажлаа эхлүүлсэн байна.
Кавай Чиба аймагт Токио цамхаг барих, “Нарита” нисэх онгоцны буудлыг “Дисней Скай” хэмээн нэрлэж, аймгийн сүлд дууг “Frozen” хүүхэлдэйн киноны “Let it go” дуу болгох, “Хог” гэдэг үгийг хуулиар хориглох, түүний оронд “Оддын хэлтэрхий” гэдэг үг ашиглах, “Макүхари” өртөөний нэрийг “Макүхари Мэссэ энд байхгүй өртөө” болгох мөрийн хөтөлбөртэй гэнэ.
Сурталчилгааны кампанит ажлынхаа хүрээнд Кавай дуу гаргаж, Токио хотын гудамжинд бүжиглэж буй клипээ хийн цахим орчинд цацжээ. Түүний энэхүү өвөрмөц сурталчилгаа олон хүний анхаарлыг татаж, зарим залуу сонгогч аль хэдийн шийдвэрээ гарган түүнийг сонгохоо илэрхийлсэн байна. Мөн тэрбээр “Алиалагч өмнө нь сөрөг талын дүр байсан ч өдгөө баатар болон мандах хандлага гарч эхэлсэн байна. Би нийт ард иргэдийн массыг төлөөлөх гэж энэ аргыг сонгосон юм” хэмээжээ.