Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газар ипотекийн зээлийг “мартсан уу”?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 10 секунд

Салбарын сайдын мэдээлснээр 2020 оны улсын төсөвт ипотекийн зээлд 60 тэрбум төгрөг эргэн төлөгдөхгүйгээр тусгасан. Энэ нь арилжааны банкнаас гаргаж буй зээлийн хүүгийн зөрүүг төр даана гэсэн үг юм. 

Эдийн засгийн уналтаас Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, хэд хэдэн үүрэг хүлээж буй. Үүний нэг нь ОУВС-гаас орон сууцны ипотекийн зээлийг Монголбанкнаас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн салгах үүрэг өгсөн. Учир нь, Төв банк зөвхөн үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүрэг хүлээдэг. Гэтэл Төв банк үнийн хийгээд санхүүгийн тогтвортой байдлыг зэрэг хангах үүрэг хүлээсэн нь ачааллыг нэмэгдүүлж, зорилтоо биелүүлэхэд саад болж байна хэмээн ОУВС үзсэн. Мөн өөрсдийн үүрэг чиглэлдээ хамааралгүй ажлыг хариуцах нь үндсэн үүрэгт нь харшилж байгаа. Тиймээс хуулиар зохицуулсан ажлаа л хий гэдэг шаардлагыг ОУВС тавьсан юм. Түүнчлэн ипотекийн зээл олгосноор барилгын салбар идэвхжиж, барилгын материалын импорт тэр хэрээр нэмэгдэж, дагаад валютын урсгал гадагшаа чиглэж, төгрөгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Энэ нь Монголбанкны төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүргээс эсрэг чиглэсэн хэрэг. Ингэхээр зорилгын эсрэг ажлаа хийх нь өөрөө гажуудал. Мөн ипотекийн зээл бол дундаж давхаргынхны амьжиргааг дээшлүүлэх зорилготой. Энэ нь хуулиараа Сангийн яамны хариуцах ажил гэдгийг тодотгосон. Тиймээс Төв банк ипотекийн зээлээс хол байх хэрэгтэй болсон юм.


Энэхүү шаардлагын дагуу Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүргээ Засгийн газар буюу Сангийн яаманд шилжүүлээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Харин Засгийн газрын зүгээс орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэхэд хэрхэн анхаарч байгаа талаараа тоймтой хариу өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “2020 оны улсын төсөвт ипотекийн зээлд 60 тэрбум төгрөг эргэн төлөгдөхгүйгээр тусгасан. Энэ нь арилжааны банкнаас гаргаж буй зээлийн хүүгийн зөрүүг төр даана гэсэн үг. Тэгэхээр арилжааны банкнаас олгох зээлийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбар өгөв.

Товчхондоо, арилжааны банкуудад хамаг ачааг үүрүүлж, Засгийн газар хүүгийн зөрүүг олгох чиглэлд л анхаарч байгаа юм. Үүнээс үүдэн өнөөдрийн байдлаар Засгийн газрын хариуцсан энэхүү хөтөлбөрийн хэрэгжилт саарч арилжааны банкууд зөвхөн өөрсдөөс нь зээл авч барьсан барилгын компаниудын орон сууцуудыг борлуулахад үйл ажиллагаа нь чиглэжээ. Тиймээс иргэдэд чиглэсэн хамгийн чухал хөтөлбөрүүдийн нэг болох ипотекийн зээлийн цар хүрээн нэмэгдүүлэх, төр засгаас бодлогын дэмжлэг хэрэгтэй байна.

Угтаа бол өнгөрөгч 2019 онд Монголбанк болон арилжааны банкнууд, Засгийн газар гэсэн гурван эх үүсвэрээс нийт 563 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олгосон байна. Энэ нь 2018 онтой харьцуулахад 80 орчим хувиар нэмэгдсэн байна. 2018 онд Монголбанк Засгийн газрын эх үүсвэрээс 310 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг банкнуудад олгож байжээ. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 12 дугаар сард 111.9 тэрбум төгрөгийн зээлийг 1365 зээлдэгчид олгосон байна. Үүнээс 56.3 хувь нь хөтөлбөрийн, 43.7 хувь нь банкнуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна.

Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “ОУВС-тай тохирсны дагуу, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу Монголбанк ипотекийн зээлийн нийт санхүүжилтээ 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоосон. 2020 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд ипотекийн санхүүжилтийн тогтолцоог цаашид тогтвортой үргэлжлүүлэх, үндэсний хөтөлбөрийг Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтарч батална гэсэн тодорхой заалт орсон. Тиймээс Монголбанкны зүгээс ипотекийн санхүүжилтийг илүү оновчтой болгох, зардлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран төсөл, төлөвлөгөө боловсруулан зохицуулалтын шинжтэй арга хэмжээгээ үргэлжлүүлнэ” хэмээн тайлбар өгсөн юм.

Нийгмийн халамжийн дөрвөн үйлчилгээг
Нийгмийн халамжийн дөрвөн үйлчилгээг "Ebarimt" апп-аар авах боломжтой боллоо
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.