Энгийн л нэг пүрэв гараг... Ажлын өдөр эхэлж, шинэ мэдээ мэдээлэл юу байна, хаана юу болж байна гэх эрэл дунд анхаарал сарниулан оффисийн хаалга дуугарлаа. Өдрийн 12 цаг өнгөрчээ. Оффисийн жижүүр ах шагайж "Гарч болохгүй шүү" хэмээн хэлчихээд цаашаа яваад өглөө. Нэг их ойшоосонгүй...
13 цагийн үед нэг маань цаг товлосон уулзалт руугаа явахаар гарсан ч буцаад ороод ирлээ. "Лифт зогссон, явган шатан дээр цагдаа хамгаалалтад гарсан байна" гэх нь тэр. Үүнээс нэг цаг гаран яг юу болсныг ойлгохгүй, хэнээс ямар мэдээлэл авахаа мэдэхгүй хэсэг тэвдлээ. Ингээд хэвлэл мэдээллийн байгууллагынхаа давуу талыг ашиглан НОК-т ажилладаг эх сурвалжтай холбогдлоо. Тэрбээр утсаар "Коронавирусийн халдвартай нь батлагдсан иргэн "GB plaza"-гаар орж, үйлчлүүлсэн нь үнэн. Удахгүй шинжилгээний баг очиж шинжилгээ авна. Хариу нь гартал оффисоосоо гарч болохгүй" гэв. PCR шинжилгээний хариу хамгийн хурдандаа л 24 цагийн дараа гарч байгааг ч дуулгалаа.
Ингэж л бид редакцаараа халдварын голомт дунд өөрсдөө ч мэдэхгүй орчихсон байлаа. Эх сурвалж яг ямар хүнээс илэрсэн гэдгийг хэлээгүй учраас дотооддоо нэг нэгнээ хаагуур явсан, хэнтэй уулзсаныг нь тандаж ярилцаад "аюулгүй" гэх жаахан ч гэсэн итгэлтэй болов.
Удалгүй байгууллагын утас руу Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны ажилтан залгаж хэдэн хүн байгааг лавлав. Түүнээс өөр мэдээлэл авах гэсэн боловч "Одоохондоо тодорхой мэдээлэл алга" хэмээн хэлсэн юм. Удалгүй сошиалаар манай оффисийн барилгын нэгдүгээр давхарт байрлах кофе шопоор үйлчлүүлсэн гэх халдвартай гурван иргэн байгаа талаарх мэдээлэл таржээ...
Үдээс хойш болов. Өдрийн цайндаа ч орж амжаагүй хамгаалалтад орчихсон учраас бидний дунд хоол ундандаа санаа зовон дуугарах үг олширч эхэллээ... Ингээд шатан дээр хамгаалалтад гарч буй цагдаагаас энэ талаар лавлав. "Гаднаас захиж болно. Та нарын нэг нь халдвар хамгааллаа сайн сахиад маск, нэг удаагийн бээлийгээ өмсөөд доошоо буугаад авчих" хэмээн найрсгаар хэлсэн нь түгшээд байсан сэтгэлд дулаан санагдав... Түүнээс лавшруулан шинжилгээ авах хүмүүс ирсэн эсэх, хэзээ хариу нь гардаг талаар асуухад "Талбай дээр сэжигтэй тохиолдол илэрлээ гэхэд шөнө өгсөн шинжилгээний хариу маргааш өглөө нь гарчихсан" гэв. Цагдаа нар цаг наргүй ажиллаж байгааг түүний энэ үгнээс ойлгов... Хаана сэжигтэй тохиолдол илэрч, хаана халдвар илэрсэн тэнд тэд л түрүүлж очдог аж.
18 цагийн үед хаалга тогшиж гарлаа. Очвол хамгаалалтын цагаан хувцастай хүн зогсож байлаа. Тэрбээр "Хэдэн хүн байна. Нэг сандал гаргаад коридортоо тавьчих. Нэг нэгээрээ ирж бүртгэлээ хийлгээд, шинжилгээгээ өгчих" гэв. ПОС машинд регистрийн дугаарыг оруулаад баримт хэвлэж өгөх юм. Түүнийг нь дараагийн хүнд өгч хураалгаад, шинжилгээгээ өгөх юм байна.
Бидний долоон хүн оффис дээрээ тусгаарлалтад орсноос гурав нь PCR шинжилгээ өгч байсан бол дөрөв нь өгч үзээгүй байлаа. Сэтгүүлч миний хувьд анх удаа уг шинжилгээг өгөх болсондоо айдастай байсан учраас шинжилгээ авч буй хүнд үнэн учраа хэлэв. "Зүгээр ээ, гүнзгий амьсгаа аваад гарга" гэв. Хүн бүрд энэ шинжилгээ өөр өөр мэдрэмж өгч байгаа. Би бол тийм ч аймар өвдөлт мэдрээгүй. Жаахан хорсох мэдрэмж төрсөн ч хэрэв халдвартай байгаад, мэдэхгүй гэртээ харивал хайртай хүмүүстээ аюулт өвчний халдвар тараачихна хэмээн бодож сэтгэлээ бэлдсэн учраас тийм ч хэцүү санагдаагүй... Бидний нэг шинжилгээ өгснийхөө дараа "Баярлалаа" гэж хэлтэл шинжилгээ авч буй эмнэлэгийн ажилтан "Анх удаа л шинжилгээ өгсөн хүн баярлалаа гэж хэллээ" гэв. Тэд бусдын төлөө өөрсдийнхөө амь насаар дэнчин тавьж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байхад баярлахгүй яах билээ... Та бүхэнд баярлаж буй сэтгэлээ илэрхийлэхэд "Баярлалаа" гэх үг багадана...
10 давхар барилгад 90 гаруй хүнээс шинжилгээ авч байгааг хэллээ. Халдвартай иргэдийн ойрын хавьталд тооцогдож байгаа хүмүүсийг тусгаарлах байр руу авч явах тул бид шинжилгээний хариугаа гартал оффис дээрээ хүлээхээр болов.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 11 цагийн мэдээгээр сүүлийн өдрүүдэд "Хаанаас ч халдвар авч болох учраас хүмүүс өөрсдийгөө маш сайн хамгаалах нь чухал" хэмээн тоть шиг давтаж буй. Түүний үг орой руу орох нь тэр. Бид нэг л өдөр редакцаараа голомт дунд өөрсдөө ч мэдэхгүй орчихсон, шинжилгээний хариугаа хүлээгээд сууж байна...
Энэ бүхний эцэст, хэзээ ч, хаана ч хамаагүй тусгаарлалтад орж болзошгүй энэ үед ядаж шинжилгээний хариугаа хүлээх 24 цагт хэрэглэх шаардлагатай зүйлсээ биедээ авч явах, шаардлагагүй бол гэртээ байхыг дахин сануулж байна.