Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Татварын ерөнхий газартай хамтран өнөөдөр “Хүчит шонхор” зах, “Нарантуул-2”, Чингэлтэй дүүрэгт худалдаа эрхэлдэг махны төвлөрсөн бөөний төвүүдэд НӨАТ-ын баримт олгож буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр болов.
Шалгалтын баг нэгд, махны бөөний худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжүүд, хоёрт жижиглэнгээр худалдаа эрхлэгч нар НӨАТ-ын баримт олгож байгаа үйл ажиллагааг шалгаж байна.
НӨАТ-ын баримт нь хэнээс, хаанаас, хэчнээн тоо ширхэг, ямар бүтээгдэхүүн, хэдэн төгрөгөөр авсныг баталгаажуулдаг. Энэ баримтгүй бол, хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд эрхийг нь хамгаалахад албаны хүмүүст хүндрэл үүсдэг байна. Зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт олгох асуудалд ШӨХТГ-аас Татварын ерөнхий газрын байцаагч нартай хамтарсан хяналт, шалгалтыг өчигдөр /2021.01.14/ "Хүчит шонхор" худалдааны төвөөс эхэлжээ.
Энэ үеэр махны худалдаачид НӨАТ-ын баримтыг хэрэглэгчдэд олгож эхэлбэл махны үнэ нэмэгдэнэ гэж үздэгээ илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын баримт өгөхөд нэг сая төгрөгөөр авдаг мах 1,1 сая болно, тэгэхээр иргэд 100 мянган төгрөгөөр хохирно гэжээ. "И-баримт" олгож байгаа тохиолдолд үнэ дээр тэр үнийг шингээнэ, нэмж оруулна гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оноос хойш хэрэгжээд 5 жил болж байна. Энэхүү хууль тогтоомжийн дагуу бол Монгол Улсын Татварын алба цахим төлбөрийн баримтаа хөгжүүлэх, QR наалт гээд бүх боломжит хэрэгслээр НӨАТ-ын баримтыг борлуулагчаас хэрэглэгчид олгох боломжийг үүсгэж өгсөн. Иймд хууль тогтоомжоо мөрдөх хэрэгтэй” гэж улсын байцаагч нар мэдэгдлээ.