Урд шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу Улсын гуравдугаар төв эмнэлэг, 10 дугаар хороолол орчимд хөдөлгөөн хязгаарлажээ.
Тухайн бүсэд ажиллаж буй цагдаагийн алба хаагч нарын хэлж буйгаар хязгаарлалт гурав хоног үргэлжлэх юм байна. Хязгаарлалтыг Гуравдугаар эмнэлгээс 25 дугаар эмийн сан хүртэлх байршилд тогтоосныг мөн хэллээ.
Хязгаарлалт тогтоосон хэсгээс ямар ч хүнийг гаргахгүй байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн 15 чиглэлийн байгууллагын ажилчид ч уг хязгаарлалтад хамаарч байна.
Хязгаарлалт тогтоосон хэсэг дэх хүнсний дэлгүүрүүд ажиллах эсэхийг цагдаагийн алба хаагчдаас тодруулахад “Одоогоор мэдэхгүй байна” гэх хариулт өглөө.
25 дугаар эмийн сангийн уулзварын баруун талаас Сапорогийн уулзвар,түүнээс хойш ГССҮТ-ийн баруун урд уулзвар хүртэл буцаад зүүн тийш Улаанбаатар паласын зүүн хойд уулзвар хүртэл хэсэгт хязгаарлалт тогтоожээ.
Баянгол дүүргийн Засаг дарга, Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн дагуу коронавирусний халдварт өвчинтэй холбогдуулан тус дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрийн явган зорчигч болон автомашины хөдөлгөөний хязгаарлалтыг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл хийж байна.
Энэ хугацаанд хязгаарлалт тогтоосон хэсэг дэх эмнэлгүүдийн ажилчид, онцгой байдлын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлнэ гэдгийг ТЦА-наас мэдээллээ.
Хязгаарлалтын бүсэд багтсан "Орхон" зах ажиллахгүй байна.