УИХ-ын намрын ээлжит чуулган энэ сарын 15-нд нээсэн. Гэвч улс төрийн "бужигнаан" дундуур ЗГ-аас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцүүлэг удаашралтай байгаа дүр зураг харагдаж байна. Энэ нөхцөл байдалд бухимдсан зарим гишүүд "УИХ-ыг тараая" гэж хүртэл дуугарч эхэлсэн.
Тэгвэл өнгөрөгч өдрүүдэд эл асуудалд УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг эргэн сануулъя

УИХ-ын дарга С.Бямбацогт: УИХ дотор түр зуурын үл ойлголцол байгаа болохоос төрийн, институцын хямрал болсон зүйл байхгүй. Гишүүд өөрсдөө үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Хувь гишүүдийн илэрхийлж байгаа байр суурийг зөвтгөх эсхүл буруутгахгүй. Гэхдээ төрийн эрх барих, хууль тогтоох, ард түмний төлөөллийн дээд байгууллагаа тараана гэдэг нь өөрөө зохимжгүй яриа. Ийм яриа байж болохгүй.
2026.09.29

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Ер нь УИХ тарвал таръя. Монгол Ардын намын хоёр хуваагдал Монгол орон, энэ улс орныг тэр чигт нь хөмөрлөө. Эрх баригчдад монголчуудын ахуй амьдрал ямар ч хамаагүйг ойлголоо, харлаа. Өөрсдөө л баян тансаг байвал болох нь тэр гэж хандаж байна. Өөрсдийнхөө эрх ашгийн л төлөө байна уу гэхээс эх орны, монголчуудын, иргэдийнхээ төлөө А ч гэж ангайхгүйг харлаа бас үзлээ. Тийм учир Их хурлаа тараагаад ахиад сонгууль хийвэл хийнэ л биз. Айгаад байх юм юу байна. Тэгээд л хариуцлага тооцъё ,үр дүн нэхье. Таръя. Тарах санаачилгыг би гаргая.
2026.09.24

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Би УИХ тар гэж дуугарч байсан удаатай. Тухайн үед 76 гишүүнтэй, тойргийн асуудал байсан. Нэлээдгүй галтай асуудлууд гарч ирж байсан. Харин өнөөдөр тухайн үед миний хэлж байсан шиг асуудал байхгүй. Нэг гишүүн хэлсэн л байгаа биз. Тухайн гишүүний өөрийнх нь л бодол байх. Түүнээс биш тарах дээрээ тулсан, мухардсан асуудал байхгүй. УИХ-ын гишүүд бүлэг дээрээ тодорхой акц хийх нь улс төрийн эрхийнх нь нэг хэсэг. Асуудлыг энэ өнцгөөс нь л харж тайлбарлах ёстой.
2026.09.28

УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг: Парламент бол ард түмний хяналт, дуу хоолой, төлөөллийг хэрэгжүүлдэг гол байгууллага. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах нь улс орны тогтвортой байдал, ард түмний эрх ашигт яавч нийцэхгүй.
Улс орон, ард түмний өмнө тулгамдаж, хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэхэд төр, засгийн тогтвортой байдал нэн чухал
2026.09.29

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: УИХ-ыг тараах санаачилга гаргаж байгаа гишүүдэд гар доор нь бэлэн байгаа нэг сонголт бол өргөдлөө бичээд УИХ-ын гишүүнээс татгалзах. Ажлаа хийж чадахгүй байна гэж бодож байгаа бол хийж чадах хүнийг оронд нь оруулах сонголт байгаа. Хоёрдугаарт, бид хоёр их гүрний дунд ардчилсан байдлаар оршин тогтнож байгаа цөөн хүн амтай улс. Бидний хувьд улс орны тусгаар тогтнол, Үндсэн хуулийн тогтвортой байдлаа хамгаалах суурь нь парламент. Парламентыг тараая гэж хэлж байгаа хүмүүс дараагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлэх зоригтой байх хэрэгтэй. Парламентыг тараая гэж орилж, орилчхоод ичихгүй дараагийн сонгуульд нэр дэвших нь хамгийн увайгүй бөгөөд ёс зүйгүй үйлдэл. Үнэхээр энэ парламент болохгүй байна гэж байгаа бол тогтолцооны өөрчлөлтөө бодож сэтгэж, хууль тогтоогчийнхоо ажлыг хийх ёстой. Ядаж УИХ-ыг зөв ажиллагаатай болгохын тулд УИХ-ын тухай хууль болон Дэгийн хуульд дээр санаачилга гаргах хэрэгтэй. Гэтэл энэ чиглэлд нэг ч санаачилга гаргаж үзээгүй хэр нь шантааж байдлаар парламентыг тараах асуудлыг хөндөж болохгүй. Хувийн, фракц бүлэглэлийнхээ ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхдээ МУ-ын төрөөр, үндэсний аюулгүй байдал болон Үндсэн хуульт байгууллагаар тоглох гэж оролдож байгаа бол зүгээр л гаднын гар хөл гэсэн үг.
2026.09.28
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: Монгол Улсын парламентыг тараахад хоёр арга зам бий. Нэгдүгээрт, парламентын нийт гишүүдийн 1/3 буюу 84 гишүүн гарын үсэг зурснаар хэлэлцэх нөхцөл нь үүснэ. Хоёрдугаарт, ЗГ огцорч, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт томилж чадахгүй тохиолдолд Ерөнхийлөгч тараах зарлиг гаргадаг. Эхний нөхцөл парламентад байхгүй гэж ойлгож болно. Яагаад гэвэл парламентын дийлэнх гишүүд нь парламентын үйл ажиллагааг шударга, хэвийн явуулах ёстой гэх байр суурийг илэрхийлж байгаа. Хоёр дахь боломж дээр илүү нам талаас харж байна. МАН засгийн эрхийг барьж буй нам. Манай нам бусад гишүүдийн ярьж байгаачлан Ерөнхийлөгч зарлиг гаргах түвшинд хүргэнэ гэж байгаа бол Улс төрийн намын тухай болон Үндсэн хуулиа зөрчиж, үндсэндээ тарах нөхцөл рүү орно. Яагаад гэвэл Улс төрийн намын тухай хуулиар төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан аливаа улс төрийн нам татан буугдана гэсэн заалт байдаг. Тиймээс намын удирдлагууд олон талаас нь ажиллах байх. Парламентыг тараах нөхцөл өнөөдөртөө үүсээгүй. Олон нийтийн, сошиалын сэтгэлзүйд тааруулсан парламентын гишүүдийн дутуу судалгаатай ярьж байгаа зүйл л гэж харж байна.
2026.09.25

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Монгол ардын нам засаглах чадамжгүй болсноо хүлээн зөвшөөрөөд татан буугдах нөхцөл бүрдэнэ. Энэ бол УИХ-ын бус, УИХ-д олонхыг бүрдүүлж байгаа МАН-ын асуудал
2026.09.29

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Манай намын бүлгийн зарим нэг гишүүн парламентыг тараах тухай агуулгыг хөндөж байна лээ. УИХ ямар тохиолдолд тарах вэ гэдэгт хуулийн хоёр л заалт бий. Энэ утгаараа тухайн асуудал нь хувь гишүүний илэрхийлсэн байр суурь. Ардчилсан намын бүлэг дээр ийм асуудал огт яригдаагүй.
2026.09.25

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: УИХ тар гэдэг зүйлийг хэдэн гишүүд илэрхийлж байна лээ. Тэр гишүүдийг харахаар бэл бэнчинтэй баян гишүүд л байна лээ. Өнгөрсөн жил хуралдаа ирээгүй, ирцдээ ороогүй хүмүүс шүү. Монголын иргэд тийм ч амархан мартахгүй шүү. Иргэдийн амьдралыг ойлгодоггүй, орлогыг мэдэхгүй гэдгээ гайхуулж байна л гэж бодож байна. УИХ тарах юм бол жонхуурсаар байгаад төсвөө ч баталж чадахгүй, ирэх оноос эхлээд төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж 1 сая төгрөгийн цалин авна шүү.
2026.09.25
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Парламентыг тараая, ямар нэг байдлаар мухардалд оруулъя гэх сонирхол хүний өөрийн гэлтгүй ил цагаандаа гарсан. Зарим гишүүд ч хоорондоо уулзаад эхэлчихсэн юм шиг байна. Энэ бол эрх мэдлийн төлөө монголын төр, тусгаар тогтнолоор тоглож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл жоомоо алах гээд гэрээ шатаана гэж яг үүнийг хэлдэг. Үүний эсрэг хатуу зогсож байгаа. Энэ бүх үйлдлүүд даамжирвал парламент тарах эрсдэлд орно. Парламент тарна гэхээр одоохондоо зарим хүмүүст таатай мэт санагдаж магадгүй. Гэхдээ энэ нь эргээд монголын тусгаар тогтнол, гадаад харилцаа хамтын ажиллагаанд асар муу үр дагавар дагуулсан зүйл болно.
2026.09.23

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: УИХ ажлаа хийхгүй бол тарсан нь дээр. Би хувьдаа ийм л байр суурьтай байна. Ний нуугүй хэлэхэд залхаж байна шүү дээ. Бүх зүйл нь гацчихсан. Гэтэл сандал суудлын асуудал болонгуут бүгд ороод ирж байгаа юм. Ажлаа хий гэхээр хийдэггүй. УИХ тодотголоо баталж байж цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Энэ асуудлыг D-Parliament дээр тавья гэж бодож байна.
2026.09.24

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Зарим УИХ-ын гишүүдийн амнаас УИХ тар гэдэг үг маш амархан унаж байна. Ирц бүрдэхгүй байгаа нь анх удаа үүсэж байгаа тохиолдол биш. Энэ анхных ч биш. Сүүлийнх ч биш байх. Парламентын засаглалтай байгаа нөхцөлд улс төрийн мэтгэлцээн өрнөсөөр л байх болно. Нэгэнт эхэлчихсэн байгаа чуулганд оролцохгүй, ирэхгүй байх нь харин өөр асуудал. Үүнийг ялгаж, салгах хэрэгтэй. Яаж ч бодсон Монгол Улсын тусгаар тогтнолыг барьж чадаж байгаа механизм бол парламент. Цаашид нэг хүний дохио, чиглүүлгээр байж хэзээ ч болохгүй. Олон ургалч бодол, олон өнгө байж, туршлагатай туршлагагүй ч бай олон гишүүн байж аливаа асуудлын үнэн мөн чанарыг гаргаж, авлига хулгай явахгүй байх нөхцөл бүрдэнэ.
ХУУЛЬ: 84-өөс дээш гишүүн тогтоол өргөн барьж, дэмжихгүй л бол мянган удаа “УИХ таръя“ гэж орилоод нэмэргүй

Тэгвэл УИХ тарах нөхцөл, хуулийн орчин нь ямар байдаг вэ
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 34 дүгээр зүйл. Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
34.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаасаа өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол;
34.1.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн Улсын Их Хурал хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол.
34.2. Энэ хуулийн 34.1.1, 34.1.2-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тухай тогтоол баталсанд тооцно.
34.3. Ерөнхийлөгч дараах тохиолдолд Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана:
34.3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
34.3.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
34.3.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол.
34.4. Энэ хуулийн 34.1, 34.3-т заасан шийдвэр гарснаас хойш Улсын Их Хурал 10 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, 60 хоногийн дотор сонгууль явуулна. Шинээр бүрдсэн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
34.5. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна гэжээ.
Эндээс харахад, хэн нэгэн улстөрч, иргэн "УИХ-ыг тараая" гэж орилоод тарахгүй. УИХ-ын нийт 126 гишүүний 2/3 буюу 84-өөс дээш гишүүн тогтоол өргөн барьж, мөн тооны гишүүд дэмжиж байж УИХ тарах замдаа орох юм. Үүнээс бусдаар иргэд мянган удаа "УИХ тар" гэж, ганц нэг гишүүн "Хэдүүлээ таръя дөө" гээд ч нэмэргүй гэсэн үг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!