Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнбатын гэх хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан маргааш \2021.01.08\ болох гэж байна. Түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байхад мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хувиар халдашгүй эрхтэй байхад нь дайчлан баривчилж шүүхээс 6 жилийн ял оноосон. Энэ асуудлаар Олон Улсын парламентийн холбоо \ОУПХ\ албан ёсоор хэрэг үүсгэж шалгах болсноо мэдэгдээд байгаа. Мөн УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо “Ж.Эрдэнэбат гишүүнийг баривчилсан, шүүн тасалсан нь хүний эрхийг зөрчсөн” гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа билээ. ОУПХ нь ардчиллын үнэт зүйлийг хамгаалах, парламентийн гишүүдийн эрхийг хамгаалах, эрх нь зөрчигдсөн парламентийн гишүүний эрхийг сэргээх, эргүүлж томилуулах зэрэг маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тус байгууллага тодорхой асуудлаар хэрэг нээсэн бол заавал шалгаж дүгнэлт гаргаж олон улсад зарладаг түүнээс үүдэж тухайн оронд олон улсын хууль дүрмийн дагуу заавал үр дагавар нь тусдаг гэдгээрээ ардчиллын дархлааг хамгаалж байгаа хүчтэй чухал байгууллагад тооцогддог.
Түүх сөхвөл
Ж.Эрдэнэбатыг баривчилсан асуудал нь дотоодын улс төрийн зодооноос хэтэрч Монгол Улсын гадаад нэр хүнд, олон улсын хамтын ажиллагаанд ч ноцтой хор уршиг дагуулж мэдэхээр болжээ. Түүх сөхвөл 2003 оны 7-р сард УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг Сөүл-рүү нисэх гэж байхад нь цагдаагийн ерөнхий газрын тусгай тасгийнхан дайчлан баривчилж 72 цаг саатуулсан. Үүнээс үүдэж Монгол Улс олон улсын парламентийн холбооны хүчтэй эсэргүүцэлтэй тулж нэлээд эвгүй байдалд орж байв. Мөн оны 9-р сард Монгол Улсад “Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон улс орнуудын 4-р бага хурал \АШСТУОБХ\” болохоор товлогдсон байсан бөгөөд хурлыг цуцалж Монгол Улсын нарийн бичгийн дарга орны статусыг түтгэлзүүлэх асуудал ч хөндөгдөж байлаа. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр болж өнгөрсөн үйл явдалд алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч, парламентийн гишүүний халдашгүй байдлыг хангах чиглэлээр хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоно гэсэн амлалт өгч байж хурал чуулганаа хийж чадсан гэдэг. ОУПХ-ны өмнө хэрэг үүсгэн шалгагдана гэдэг тоглоом биш. Одоогоор Манай улстай холбоотой хоёр хэрэг байгаа бөгөөд нэг нь 1998 онд бусдын гарт амь насаа алдсан төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэрэг нөгөөх нь Ж.Эрдэнэбатын хэрэг болж байна.
Хамгийн түрүүнд бид Европын холбооны хоригт орж болзошгүй
ОУПХ-ны ажлын хэсэг удахгүй ирж ажиллах бөгөөд Ж.Эрдэнэбат гишүүний хэрэг дээр дараах гурван үндэслэлээр шалгалт явуулж байгаа ажээ.
Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй
Шүүх шударга бусаар буюу бусдын нөлөөлөлд автсан.
Парламентийн гишүүний халдашгүй эрх зөрчигдсөн
Гэж тэд урьдчилсан байдлаар үзэж байгаа бөгөөд албан ёсны шалгалтын дараа Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэлт гаргаж дэлхий даяар зарлана. Хэрвээ Монгол Улсад парламентийн гишүүний бүрэн эрх зөрчигдсөн гэж үзвэл Олон Улсын байгууллагууд Монгол Улсыг хүний эрхийг зөрчдөг орны тоонд оруулна. Энэ тохиолдолд
Тодорхой албан тушаалтнуудыг зарим гишүүн орнууд зорчихыг хориглох
Боловсрол соёлын солилцооны хөтөлбөрүүд, техникийн хамтын ажиллагаа хойшлуулах, зогсоох
Хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжуудыг царцаах, цуцлах
Цаашлаад худалдаа эдийн засгийн хориг тавигдах хүртэл асуудал хүндэрч болзошгүй юм.
Монгол Улсын гадаад нэр хүнд маш эгзэгтэй үед ирлээ гэдгийг УИХ-ын зарим гишүүд ч хэлж ярих болсон. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Европын холбоо ОУ-ын хамтын ажиллагаа, дараа дараачийн гадаад харилцаандаа “Хүний эрх зөрчсөн эсэх” гэх заалтыг нэлээн том үзүүлэлт болгож байгаа юм байна. Бид нар Европын холбооны хоригийн хамгийн эхний шийдвэрийн золиос болж хоригт ормооргүй байна. Дэлхийн эдийн засаг ийм хүнд байгаа үед ОУ-ын түвшинд нэр хүндээ алдмааргүй байна” гэсэн бол УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ “Ж.Эрдэнэбатыг шүүсэн процесс нь ардчиллын дархлаанд хар толбо үлдээх эрсдэлтэй” гэж ярьжээ.
Манай хэдхэн банк хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаагүйгээс болж бид улсаараа хар мөнгө угаадаг гэж зарлагдаж Европын холбооны саарал жагсаалтанд орсон нь саяхан. Тэгвэл ОУПХ хүний эрх зөрчсөн гэж зарлавал бид бүр ч хатуу юмтай нүүр тулах нь тодорхой болж байна.
Эзэн нь хонгилоо илчлэх үү, хонгил эзнээ илчлэх үү?
Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тухай үеийн МАН-ын дарга М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд идэвхийлэн оролцож өрсөлдөгчийнх нь хүчтэй зуултанд орсон гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. 2020 оны УИХ-ын сонгуульд Ж.Эрдэнэбатыг Сэлэнгэ аймагт улираан нэр дэвшүүлэхээр болоход “Наад хүнээ дэвшүүлбэл шууд баривчилна шүү” гэж нэг хүн МАН-ын даргыг сүрдүүлсэн гэх яриа бий. Ингэж ярихад нь МАН-ын удирдлагууд, хэд хэдэн УИХ-ын гишүүд хамт байсан бөгөөд “бүрэн эрх нь хэрэгжиж байгаа гишүүнийг баривчилж чадахгүй” гэж тэд тооцжээ. Гэвч тэр хүн хэлсэндээ хүрсэн. Ж.Эрдэнэбатыг сонгуулийн ид дундуур баривчилсан. Энэ бол Ж.Эрдэнэбатаар дамжуулж бүх УИХ-ын гишүүдэд өгч буй сануулга гэхэд хилсдэхгүй болов уу.
Гэтэл өдгөө Ж.Эрдэнэбатын асуудлаас болж баривчилгаа хийсэн, шүүн тасалсан хуулийн байгууллагынхан өөрсдөө сандралдах болжээ. Хэн л хүний эрхийг зөрчигч болоод гадаад дотоод явах эрхээ хасуулахыг хүсэх билээ. Тухайн үед МАН-ыг дахин үнэмлэхүй ялалт байгуулж чадахгүй гэж тооцоолж эзнийхээ захиасаар цэрэг шиг хөдөлдөг байсан хуулийнхан одоо араа бодож бултаж, хургах болсон гэсэн яриа бий. Б.Хурцыг сулласан, Ц.Элбэгдоржийн хэрэг удааширч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бараг шийдэгдэхээргүй болсон зэргээр эзний захиалга замдаа будлих болов. Ямар ч тохиолдолд ОУПХ-ны өмнө захиалагч, гүйцэтгэгчийн нэг нь хэрэг хүлээх нь тодорхой. Эзэн хонгилоо илчлэх үү? Хонгилынхон эзнээ барьж өгөх үү гэдгийг харах л үлдлээ.