Ойрх Дорнодын зөрчилдөөн хурцдахын хэрээр газрын тос үнийн өсөлтөө үргэлжлүүлж, баррель нь 100 ам.доллар давлаа. Энэ сарын 9-нд буюу даваа гарагийн өглөөний мэдээг харвал брент төрлийн газрын тосны үнэ 23 хувиар өсөж, 114.36 долларт хүрсэн. Энэ үзүүлэлт нь 1988 оноос хойших нэг өдрийн хамгийн өндөр өсөлт болж байна. Энэ үнийн савлагаа цаг, минутаар бус секундээр хэлбэлзэнэ.
Хоёрхон сарын өмнө 64-65 ам.долларын үнэтэй байсан газрын тос яагаад 100+ долларын үнэд хүрэв гэдэг асуулт эндээс урган гарна. Гол асуудлыг ерөнхийд нь хоёр, гуравхан үндсэн шалтгаанаар тайлбарлаж болно.
АНУ болон Израйль, Ираны мөргөлдөөн, Ормузын хоолойн тээвэрлэлт, гол тоглогчид нийлүүлэлтээ танаж эхэлсэн гэх шалтгаануудыг хэлж болно. Хэрэв эдгээр шалтгаанаас болж газрын тосны үнэ нэмэгдсээр байвал дэлхийн эдийн засагт багагүй өөрчлөлтүүдийг авчирна.
Ойрх Дорнодын асуудал дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулна
Хамгийн эхэнд бензин, дизель, онгоцны түлш, цахилгаан, дулааны зарим эх үүсвэрийн үнэ нэмэгдэнэ. Эндээс үүдээд бидний сайн мэдэх “инфляц” өсөж эхэлнэ. “Goldman Sachs”-ын шинжээчдийн үзэж байгаагаар газрын тосны үнийн өсөлт дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.2-0.5 хувиар бууруулна гэж үзсэн.
Шинжээчдийн тооцооллоор газрын тосны үнэ 10 ам.доллароор өсөхөд дэлхийн инфляц 0.3-0.7 хувиар өсөх магадлалтай гэж үздэг. Харин Дэлхийн банкны судалгаагаар газрын тосны үнэ 10 хувиар өсөхөд, хүнсний бүтээгдэхүүний үнэ дунджаар 2-4 хувь өсөх магадлалтай гэж үзжээ.
Энэ үнийн өсөлт хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлнө. Газар тариалангийн салбарт ажиллаж байгаа техник хэрэгслүүд бүгд дизель түлшээр хөдөлдөг. Ингээд үнэ нэмэгдэх эхний нөхцөл бий болно. Цаашлаад үйлдвэрлэлийн зардлууд өснө. Газрын тос олон бүтээгдэхүүний гол түүхий эд болдог. Ялангуяа хуванцар, химийн бүтээгдэхүүн, бордоо, сав баглаа боодлын салбарыг дурдаж болно. Үйлдвэрлэгчид зардлаа нөхөхийн тулд үнээ нэмнэ. Ингээд иргэд, аж ахуй нэгжийн орлого өсөөгүй байхад бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт худалдан авалтыг шууд утгаараа бууруулна.

Инфляц зөвхөн үнийн өсөлтөд нөлөөлөөд зогсохгүй. Өсөлттэй холбоотойгоор төв банкнууд инфляцын өсөлтийг хянахын тулд бодлогын хүүг нэмдэг. Жишээлбэл АНУ, Европын холбооны төв банкнууд газрын тосны үнийн өсөлтөөс үүдэж бодлогын хүүг нэмэх эсвэл төлөвлөсөн хүүг удаашруулах боломжтой. Үүнээс болж зээл эргэлт багасаж, хөрөнгө оруулалт буурах, эдийн засгийн өсөлтийг хязгаарлах нөхцөл бүрддэг. Бодлогын хүүг нэмэх нь инфляцын өсөлтийг барих, хэрэглээний өсөлтийг хязгаарлах арга. Өмнөх түүхүүдийг сөхөж үзвэл газрын тосны үнийн өсөлт төв банкны шийдвэрт шууд нөлөөлдөг гэхэд хилсдэхгүй.
Экспортлогчид хожиж импортлогч орнууд бүсээ чангална
Эндээс цөөн хэдэн улс эдийн засагтаа эерэг нөлөөг авчирч чадна. Газрын тосны том нийлүүлэгчид болох Саудын Араб, ОХУ, Ирак, Иран, Нигери, АНЭУ, Канад улсууд хожно гэхэд болно. Харин бусад улсуудын хувьд эдийн засгийн хүндхэн сорилттой тулгарна.
Гол тоглогчид энэ үед экспортын орлогоо нэмэгдүүлж чадна. Үүнийг дагаад тухайн улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Зарим тохиолдолд валютын ханш чангарах тохиолдол ч бий.
Харин импортлогч орнуудад багагүй асуудал үүснэ. Хамгийн эхэнд Азийн орнууд болох Япон, БНСУ, Энэтхэг улсад хүчтэй мэдрэгдэнэ гэж шинжээчид үзэж байгаа. Импортын зардал өсөхийн хэрээр гадаад валютын нөөц багасна. Нэг ёсондоо төлбөрийн тэнцэл гэдэг зүйл алдагдана.
Санхүүгийн зах зээлийн салбарт хувьцааны хэлбэлзлийг нэмэгдүүлнэ. Ганцхан жишээ дурдахад Азийн бирж болох “Nekkei”, “KOSPI”-н индекс 7 хувиар унасан. Газрын тосыг ам.доллароор арилждаг болохоор доллар аюулгүй хөрөнгөд тооцогдон эрэлт нэмэгдэж, алтны үнэ буурч эхэлсэн.
Харин зарим бүтээгдэхүүний үнэ өсөж байна. БНХАУ, Энэтхэг болон Европын орнуудад худалдаалдаг Малайзын пальма ургамлын тосны үнэ сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа 9 хувиар өсжээ. Энэ нь бордооны үнийн өсөлт нэмэгдсэнтэйгээр холбон тайлбарлаж болно. Газрын тос нь бордооны гол түүхий эд гэдгийг нийтлэлийн эхэнд дурдсан.
Ормузын хоолойг хорих нь бүх талуудад ашиггүй
АНУ, Израйлын довтолгооны хариуд Иран Ормузын хоолойн тээвэрлэлтийн хөдөлгөөнийг бараг зогсоосон гэж “Reuters” агентлаг мэдэгдсэн. Оман болон АНЭУ-ын хойд, Ираны урд хэсэгт орших Ормузын хоолойгоор дэлхийн газрын тосны экспортын 20 хувь нь өнгөрдөг. Газарзүйн байршлын хувьд Зүүн Өмнөд Ази, Ази болон Европын зах зээл рүү экспорт хийдэг гол зам юм. Гол зам хаагдмал байх нь АНУ, Европ, БНХАУ, Энэтхэг, Япон зэрэг импортлогч орнуудад хамгийн хүндээр тусна.
Өнөөдрийн байдлаар уг хоолойгоор БНХАУ болон Ираны эзэмшлийн хөлөг онгоцнууд өнгөрч байна. БНХАУ-ын хувьд нефтийнхээ 45 хувийг энэ хоолойгоор дамжуулан авдаг. Тэр ч утгаараа БНХАУ, Ирантай хэлэлцээр хийж уг хоолойг хэвийн үйл ажиллагаанд оруулах талаар санал солилцож байгаа.

Газрын тосны үнийн өсөлт Монголд хэрхэн нөлөөлөх бол
Манай сурвалжлах баг Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдал, дэлхий дахинд болон манай улсын эдийн засаг, гадаад харилцаанд хэрхэн нөлөөлөх талаар судлаачдын байр суурийн мэдээллийг бэлтгэн хүргэсэн.
Өмнөх нийтлэлийг унших бол https://ubn.mn/p/94466.
Өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдал манай эдийн засаг, тэр дундаа шатахууны үнийн өсөлтөд шууд нөлөөлнө гэж хэлэхэд эрт байна. Ингэж хэлж болох шалтгаан нь манай гол экспортлогч ОХУ-ын бензин, шатахууны үнэ ханш сүүлийн нэг сарын хугацаанд өсөлтгүй, тогтвортой хэвээр байна. Гол нийлүүлэгчийн үнэ тогтвортой байгаа нь бидний хувьд сайн мэдээ гэж хэлж болно. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний 95-97 хувийг ОХУ-аас экспортолж авдаг.
Ойрх Дорнодод үүсэж байгаа асуудалтай холбогдуулан шатахууны үнийн өсөлтийн асуудал дээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд дараах мэдээллийг өгсөн байдаг.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Нийлүүлэлтийн хувьд тасалдах эрсдэл бага харин “Евро5” стандартын түлш болон бензин дээр үнийн өөрчлөлт гарч магадгүй. Яагаад гэвэл бирж дээр үнэ өсөх хандлага байж болзошгүй. ОХУ-тай байгуулсан тогтвортой үнийн хэлэлцээрийг 2025 оны төгсгөлд нэг жилийн хугацаатай сунгасан. Сар бүр 60 мянган.тн АИ92 бензинийг тогтмол үнээр авна" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!