Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Горилогчид “царцааны нүүдэл” хийгээд завгүй байна

Ангилал
Social pop
Огноо
Унших
4 минут 19 секунд

УИХ-ын ээлжит сонгууль болоход таван сарын хугацаа үлдлээ. Эрх баригч хүчин тоглоомын дүрмээ өөрсдийн хүссэн хувилбараар баталсан. Харин анхаарал татаж буй нэг асуудал нь сонгуулийн тойргийн хуваарилалт, мандатын тоо юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар тойргийн хуваарилалт, мандатын тоог ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө эцэслэх ёстой. Тиймээс энэ долоо хоногт амжиж эрх баригчид тойргийн хуваарилалт, мандатын тоогоо батална. Мөн сонгууль явуулах өдрийг эцэслэхээс гадна сонгуулийн зардлыг хэмжээг тогтооно. Үүнээс гадна засаг захиргааны шилжилт хөдөлгөөн буюу иргэний үнэмлэхний хаягаа амжиж шилжүүлэх долоо хоног болно.

Эрх баригч хүчин буюу МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сонгуулийн тойргийн хуваарилалт болон мандатын тоог урьдчилсан байдлаар хэлэлцэж, саналаа нэгтгэжээ. Удирдах зөвлөлийн саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгууль явуулах тов, тойргийн хуваарилалтыг УИХ шийдэх ёстой. МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдсан, улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандат байхаар шийдвэрлэсэн. Аймгуудад 20 тойрог, 52 мандат байхаар болсон. Нэг тойрогтой байсан аймгуудын тойргийг хоёр болгосон. Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар дөрвөн аймгийг хоёр мандаттай болгосон, Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэж буй. Харин нийслэлийн хувьд 9 тойрог, 24 мандаттай байхаар шийдэж буй. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурван мандаттай, Налайх, Багануур, Багахангай дүүрэг нийлээд хоёр мандаттай нэг тойрог байна” хэмээв. Ямартай ч эрх баригчид сонгуулийн тойргоо хуваарилаж, мандатын тоогоо эцэслэсэн байна.

Харин УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүс “царцааны нүүдэл”-ээ хийгээд завгүй байна. Учир нь Сонгуулийн тухай хуульд зааснаар иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх хоёрдугаар сарын 1-нээр тасалбар болгож байгаа юм. Тиймээс нэр дэвшихээр горилж буй хүмүүс өөрийнхөө сонгуулийн штабад ажиллах боломжтой хүмүүсийнхээ хаягийг тойрог руугаа шилжүүлэхээс гадна тойргийнхоо сонгогчдын нэрсийн жагсаалтыг зузаатгахаар ажиллаж байгаа аж. Тодруулбал, тойрог нь тодорхой нэр дэвшигчид сонгуулийн штабын ажилчдаа 5-10 хүний хаягийг шилжүүлэх албан бус үүрэг даалгавар өгсөн байна.

Сануулбал, УИХ-ын 2016 оны сонгуулиар “царцааны нүүдэл” хамгийн их явагдсан юм. Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгуудад хэдэн мянган сонгогч нүүдэллэн очсон нь бий. Албан бус мэдээллээр Увс аймагт 3300 сонгогч шилжсэнээрээ тэргүүлсэн бол Хөвсгөл аймагт 2900 сонгогч, Баянхонгор аймагт 2200 орчим сонгогч шилжин очжээ. Энэхүү нүүдэл нь Улаанбаатар хотод ч явагдсан. Нэг дүүргээс нөгөөд шилжин очих нь ердийн үзэгдэл байлаа. Сонгуульд нэр дэвшсэн компанийн захирал нь ажилчдаа амруулж зугаалуулах зэргээр “царцааны нүүдэл”-ийг явуулж ирсэн. Тухайн үед хоёр сонгогчтой айл 10 гаруй хүнээр “бүл нэмсэн” ч мэдээлэл гарч байсан юм. Нэр дэвшигч өөрийнхөө тойрогтоо танил тал, ойрын хамааралтай хүмүүсээ шилжүүлэн авчрахдаа нэг өрхийн хаяган дээр шилжүүлэг хийлгэдэг байна. Гэрийн эзний зөвшөөрөлгүйгээр хаяган дээр нь хэн нэгэн бүртгүүлэх, ам бүлийн тоо нэмэгдэх үзэгдэл газар авч байсан юм. Энэ байдал ч энэ удаагийн сонгуульд давтагдаж байна.

Коронавирусийн оношлуур маргааш Монголд ирнэ
Коронавирусийн оношлуур маргааш Монголд ирнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 14 хэмийн дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 14 хэмийн дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.