
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 12 настай хүүхэд нь алга болсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тус мэдээллийн дагуу нутаг дэвсгэрт хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, оршин суух газраасаа алга болсон хүүхдийг энэ оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж, хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.
Цаашид эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нарт хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохион байгуулан ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар оршин суух газраасаа алга болсон 1704 хүүхдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Хүүхэд гэр орноосоо алга болох шалтгаан нөхцлийг судлахад эцэг эх хүүхэдтэйгээ ярилцдаггүй, гэмт хэрэг зөрчилд өртсөн, бусдын дарамт шахалтад орсон, гэр бүлийн орчинд хүчирхийлэл байгаа, үе тэнгийн найз нөхдөдөө уруу татагдсан, хорт зуршлын нөлөөнд өртсөн, үерхэл нөхөрлөлийн буруу нөлөө, бусад зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг өдөр бүр анхаарч, хайрлаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү гэж цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!