Энэ сарын 14-нд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Happy Town" хотхоны 72 дугаар байрнаас 16 настай охин сураггүй алга болсон. Энэ талаар тус хотхоны группт "72а байрны нэгдүгээр орц руу 2023.6.14 шөнө 23:49 минутанд нэг хүүхэд гэр рүүгээ орсон боловч гэртээ одоог хүртэл орж ирээгүй. Орцноос, гараашаас гарч явсан бичлэг огт байхгүй. Харъяа дүүргийн цагдаад мэдэгдэн хайлгаж байгаа ч олдохгүй байгаа. Үзсэн харсан хүн байвал ар гэрийнхэнтэй нь холбоо барьж тус болно уу" хэмээн утасны дугаар байршуулсан байдаг.
Улмаар охиныг цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу алга болсноос хойш 4 хоногийн дараа олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм. 4 хоног хаана байсан, ямар учраас алга болсон эсэхийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.
Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар охин гэр бүлийн хүчирхийлэлд байсан байж болзошгүй байна. Тодруулбал, охиныг олсон даруйд түр хамгаалах байранд авчээ. Бага насны хүүхэд 24 цаг түүнээс дээш болвол заавал эрүүл мэндийн үзлэг хийлгэж, хүчирхийлэлд өртсөн эсэхийг шалгадаг. Энэ дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.