Монголчуудын “хэтэвч” зузаан, гэдэс цатгалан байсан хамгийн сайхан үе бол 2011 он. Тухайн үед эдийн засаг түүхэнд байгаагүй өндөр буюу 17.3 хувиар өсөж, гадаадаас 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан нь итгэмээргүй үйл явдал байв. Энэ бол Монгол шиг жижиг эдийн засагтай орон уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татаж чадвал агшин зуур хөгжиж, мөнгөнд бялуурч болдгийг харуулсан тод жишээ байв.
Хөрөнгө оруулагчид мөнхөд бидний араас гүйж, хормойноос чаргууцалдахгүй
Гэхдээ тухайн үед бид нийтээрээ жаахан хамраа сөхсөн. Хөрөнгө оруулагчид мөнхөд бидний араас гүйж, хормойноос чаргууцалдана гэж ойлгосон. Монголоос өөр нүүрс, зэсийн нөөцтэй орон байхгүй, бид бол цор ганц, харин хөрөнгө оруулагчид үй түмэн гэх төөрөгдөлд автсан. Улс төр дэх хэсэг нөхөд ч мөн энэ ойлголтын дагуу хамхуул мэт хийсэж очоод эдийн засаг хамгийн өндөр өсөж, хөрөнгө оруулалт татсан жилээ (2011 он) хайгуулын тусгаар зөвшөөрөл олгохыг хуулиар хориглож орхисон нь бидний одоо уруу дорой явж байгаагийн эхлэл болсон. Хайгуулыг хориглосноос хойш жил бүр гадаадын хөрөнгө оруулалт бүх салбарт огцом буурсаар ирсэн юм. 2012 онд 5.2 тэрбум, 2013 онд 3.2 тэрбум, 2015 онд 1.9 тэрбум ам.доллар гэх мэт… Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн бүхий л салбар уул уурхайн хөрөнгө оруулалтад тулгуурлан хөгжиж, бие даахаар хичээж байсныг уг тоо илтгэнэ.
Афирикийн Конго улсаас суралцъя

Тэгвэл 13 жилийн өмнө биднээс ч ядуу байсан Конго улс хөрөнгө оруулалтыг хөөх бус дэмжсэнээр зэсийн олборлолтоор Чилийн дараа буюу хоёрт бичигдэж байна. Мөн дэлхийн кобальтын (батарейн гол түүхий эд) нийлүүлэлтийн 60 орчим хувийг дангаараа хангаж Америк, Солонгос зэрэг томоохон улс гүрнүүдтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ бүхэнд хүрэхийн тулд Конгочууд ердөө л хайгуулын салбарыг идэвхтэй дэмжсэн. Өдгөө манай улс экспортын бүтээгдэхүүний хувьд нэг зах зээлээс 93 хувийн хамааралтай байна. Энэ бол бид өнгөрсөн хугацаанд хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг татаж, гадныхныг урин дуудаагүйгээс үүдэлтэй өөр өөртөө тавьсан хавх.
Хөрөнгө оруулагч хайгуулын зөвшөөрлийг өргөдлөөр гаргаж, төрийн байгууллага ажлын 10 хоногт хянан шийдвэрлэнэ

Уг нөхцөл байдлыг ойлгосон мэт Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын салбарыг дэмжихэд чиглэсэн бодитой өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөсөн нь улс төрийн хэрүүлээс илүү фокуслах ёстой сэдэв болжээ. Тодруулбал, хайгуулын лицензийг авахад амар, хадгалахад үнэтэй болгох зарчим руу өөрчлөлтийг чиглүүлсэн байна. Ингэхдээ хөрөнгө оруулагч хайгуулын зөвшөөрлийг өргөдлөөр гаргаж, төрийн байгууллага ажлын 10 хоногт хянан шийдвэрлэх зохицуулалт туссан байна. Гэхдээ зөвшөөрлөө хялбархан авчхаад дараад хэвтэхгүй. Хөрөнгөө оруулж хайгуулаа хийхийг шахсан дараагийн өөрчлөлт хуулийн төсөлд туссан. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг шатлалтай нэмэгдүүлсэн явдал юм. Жишээ нь одоогийн хуулиар тусгай зөвшөөрлийн талбайн гектар тутамд эхний жил 145 төгрөг, хоёр дахь жил 290, цаашлаад 10-12 дахь жилд 7250 төгрөг гэх мэтээр төлөх зохицуулалт бий. Харин санал болгож буй шинэчилсэн зохицуулалтаар эхний жил 1700, хоёр дахь жил 3400, 10-12 дахь жилд 52000 төгрөг болгож нэмэгдүүлнэ. Нэг үгээр хэлбэл, цааш дамлан зарах зорилгоор хайгуулын зөвшөөрөл аваад хав дарвал өрөнд орно гэсэн үг. Ингэснээр яг сонирхож буй компани зөвшөөрлөө хялбархан аваад ажилдаа шуурхайлан орох нөхцөл бүрдэж байна.
Улстөрчид улс орны хөгжлийн төлөө үсээ цайх нь холгүй шаналж байна гэцгээдэг. Ард түмэн ч мөн бүтчих болов уу хэмээн итгэл найдвар тавьж, хойд хормойноосоо авч урд хормойгоо нөхөж дор бүрнээ зүтгэж байна. Гэтэл энэ бүхнээс гарах суурь алхам бол хайгуулын салбарыг хөдөлгөх явдал гэдгийг нийтээрээ ойлгох цаг иржээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!