Японы шинэ Ерөнхий сайд Ёшихиде Сүгагийн засгийн газар өнөөдөр /2020.12.21/ Хятад улсын өсөн нэмэгдэж буй цэргийн хүчнээс сэргийлэхийн тулд дэвшилтэт чимээгүй сөнөөгч онгоц, холын зайн хөлөг онгоц сөнөөх пуужин бүтээх зорилгоор армид зориулан өмнө нь төсөвлөж байгаагүй их мөнгөний төсөв баталжээ. Улмаар Японы батлан хамгаалах яамд 5.34 их наяд иен буюу 51.7 тэрбум ам.доллар ирэх дөрөвдүгээр сараас эхлэн очих аж. Энэ нь энэ жил төсөвлөснөөс 1.1 хувиар илүү мөнгө юм.
Японы тал ийнхүү төсөвлөсөн мөнгөөрөө алсын зайн пуужингууд шинээр худалдаж авахаас гадна зэвсэгт хүчнээ БНХАУ, БНАСАУ тэргүүтэй азийн бусад оронд буюу эх орноосоо алсад үйл ажиллагаа явуулах чадвартай болгоход зарцуулна гэжээ. Мөн төлөвлөгөөнд багтсан сөнөөгч онгоцнууд ойролцоогоор 40 тэрбум ам.долларын өртөгтэй байх бөгөөд 2030 он гэхэд үйлдвэрээс гарч, бэлэн болох гэнэ. Хэрвээ Япон тийнхүү шинэ сөнөөгч онгоц бүтээвэл тэр нь Японы түүхэнд гучин жил байгаагүй шинэ онгоц болох юм. Онгоцны үйлдвэрлэлийг Мицүбиши хүнд машин механизмын үйлдвэр Lockheed Martin Corp-ийн тусламжтайгаар 706 сая ам.долларын санхүүжилт авч, хариуцан ажиллах аж.
Түүнээс гадна баруун өмнөд Окинава арлуудыг хамгаалах зорилгоор алсын зайн пуужингуудад 323 сая ам.доллар хадгалж байгаа гэнэ. Мөн 628 сая ам.доллараар Локхийд Ф-35 чимээгүй сөнөөгч онгоц зургааг, хоёр нисдэг тэрэгтэй худалдан авах төлөвлөгөө бий гэнэ.
Бас 912 сая ам.долларыг хатуу дайны хөлөг онгоц хоёрыг бүтээхэд зарцуулах аж. Тус дайны хөлөг онгоц нь бусад хөлөг онгоцыг бодвол илүү цөөн хүний бүрэлдэхүүнтэй багаар жолоодуулдаг тул давхар хүн хүчний асуудалд тустай аж. Түүнчлэн япончууд хуучин загвараасаа гурав дахин их хүчин чадалтай пуужингийн хамгаалалтын радар бүхий хоёр хөлөг онгоц бүтээх зорилготой байгаа аж. Гэвч засгийн газраас одоохондоо тус хөлөг онгоцны өртгийг тооцоогүй байгаа гэнэ.
Сүга ийнхүү цэргийн зардалд зориулах мөнгийг нэмж байгаа нь өмнөх Ерөнхий сайд Абэ Шинзогийн мөрдөж байсан цэргийн бодлогыг үргэлжлүүлж буй явдал юм. Тэрбээр Японы зэвсэгт хүчинд шинэ онгоц, пуужин, онгоц тээвэрлэгч хөлөг зэргийг нэмж, Хятадын болзошгүй аюулыг сөрөх хүчтэй болохыг эрмэлзэж байгаа билээ.
Харин Хятад улс ирэх жил цэргийн зардлаа 6.6 хувиар нэмэхээр төлөвлөж байгаа нь өнгөрсөн 30 жилийн түүхэнд хамгийн бага өсөлт юм.
Эх сурвалж: REUTERS