Засгийн газраас 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Гадаадын иргэд Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол руу хилийн гаднаас халдаж байгаа асуудлыг яах вэ. Саяхан хятадын Засгийн газрын санхүүжилттэй APT хакерын бүлэглэл манай улсын төрийн 340 гаруй байгууллагын программд халдлага хийсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг төрийн болон орон нутгийн байгууллагын ашигладаг программ руу халдсан. Энэ нь төрийн байгууллагын албан бичиг боловсруулж, хөтөлдөг, дотоод чат зэрэг амин чухал асуудалдаа ашигладаг программ юм. Эдгээр 340 байгууллага бүх хүний нөөцийн мэдээллээ энэ программ дээр хадгалдаг.
Өнөөдөр хэлэлцэж байгаа хуулийн төсөлд хил орчмын аялал жуулчлалын хөгжүүлэх асуудал тусгагдсан юм байна. Гэтэл манай улсад орж ирсэн гадаадын иргэдийн хаана юу хийж байгааг бид мэдэж байна уу.
Хоёр улсын хил орчимд амьдарч байгаа иргэд өдрийн виз аваад өдөртөө орж гарч болох юм гэдэг санал гарсныг байнгын хороо дэмжсэн.
УИХ-ын чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 17 саналаар санал хураалт явуулав.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.