Засгийн газрын хуралдааны үеэр КОВИД-19-тэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцууллаа.
Тэрбээр “Манай улсад коронавирус тархах өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Улаанбаатар хотын тархалтаас үзэхэд арванхоёрдугаар сарын 11-ээс хөл хориог цуцалбал 2021 оны нэгдүгээр сард нууц үедээ байгаа халдварын тоо өсч дөрөв, тавдугаар сард халдвар авсан хүний тоо хамгийн өндөр хэмжээнд хүрэх хандлагатай байна.
Сэлэнгэ аймгийн халдварыг ажиглаж үзвэл арванхоёрдугаар сарын сүүлээр нууц үедээ байсан хүмүүс буюу халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлага байна. Үүнээс улбаалан 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг гарч байна. Өөрөөр хэлбэл, халдвар дэгдэлтийн хоёр дахь давлагаа эхлэх магадлалтай байна. Хөл хориог арванхоёрдугаар сарын 11-ий өдрөөр цуцалбал, халдвар тараагчийн тоо 8-10 дахин, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хоёр дахин нэмэгдэнэ.
Архангай аймгаас одоогоор шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Батцэнгэл сумын халдварын ойрын хавтал 76, хоёрдогч хавьтал 851 хүн иргэдээс шинжилгээ авч, тусгаарлалт хяналтын арга хэмжээг авч байна.
Орхон аймагт нийт 25 батлагдсан тохиолдол байгаа. 11 дүгээр сарын 20-ноос тогтвортой буурч, 12 дугаар сарын 1-нээс бага зэрэг нэмэгдсэн ч цаашид буурах төлөв харагдаж байна.
Дархан-Уул аймагт нийт 45 батлагдсан тохиолдол байна. Халдвар 11 дүгээр сарын 28 наас хойш тогтвортой байсан ч 12 дугаар сарын 2-ноос буурах төлөв ажиглагдаж байна.
Дорноговь аймагт 31 батлагдсан тохиолдол байна. Ойрын хавьтлын 448, хоёрдогч хавьтлын 1309 хүнийг шинжилгээнд хамруулахад сөрөг хариу гарсан байна.
Говьсүмбэр аймагт 4 тохиолдол байгаагаас ойрын хавьтлын 104 хүнийг тусгаарлаад байна.
ДЭМБ-ын гаргасан аргачлалаар тооцоолоход 12 дугаар сарын эхний 7 хоногт Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх эрсдэлт тохиолдолоос 2.9 дахин, Сэлэнгэ аймагт 85 тохиолдолоор Дорноговь аймагт 2.8 дахин бага байсан нь Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлыг тогтоож, хариу арга хэмжээ авсны үр дүн гэж үзэж байна” хэмээн хэллээ.
Үргэлжлүүлэн "Оношлуур, ариутгалын бодис зэрэг нөөцийн бүрдүүлэлтийг ханган ажиллаж байна. Эх нярай болон эмэгтэйчүүдийн үндэсний төвд одоогоор 500 ор бэлтгэсэн бөгөөд цаашид 300 ор нэмнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 100, Баянхошууны шинэ эрүүл мэндийн төвд 200 орыг тус тус ашиглалтад оруулсан.
Түргэн болон шинж тэмдэггүй хүний ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хэвтэх хугацааг цөөлж, 14 хоног болгож байна. Эдгээр эмчлүүлэгчдийг арванхоёрдугаар сарын 9-нөөс эхлэн Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр руу шилжүүлэн хянах, эрүүл мэндийг нь дэмжих үйлчилгээ үзүүлэн гэрийн хяналтад гаргахаар болсон" гэлээ.