
Өнөөдөр /2025.06.26/ олон улсын хар тамхитай тэмцэх өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Мөнх тэнгэрийн цаг” ТББ хар тамхины эсрэг “Ирмэг дээр” төслийг санаачилж байгаа тухай мэдээллээ. СЭМҮТ-д 12 жил эмчээр ажиллаж буй Ж.Гантулга тус төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ тухай тэрбээр “Донтолтын хүрээ сүүлийн жилүүдэд 2 дахин нэмэгдсэн. Жил ирэх тусам энэ гэмт хэрэгт холбогдогчдын тоо нэмэгдэж, нас нь залуужиж байна. “Ирмэг дээр” төсөл бол мансуулах бодисын донтолтын эсрэг технологийг ашиглан тэмцэх төсөл юм. Өөрөөр хэлбэл, хар тамхи хүний биед хэрхэн нөлөөлж, ямар өөрчлөлт гарч байгааг нүдээр харах боломжтойгоор баримлаар үзүүлж, энэ гэмт хэргийн эсрэг нөлөөллийн ажил явуулна гэсэн үг. Ургийн гажиг, тархины үхжилт яг яаж явагдсан ямар болдгийг бодитоор харуулах юм. Үгээр хэлснээс нүдээр харуулах нь илүү нөлөөлдөг болох нь олон улсын туршлагаар батлагдсан. Олон улсад энэ силикон баримлаар хар тамхитай тэмцэх үйл ажиллагаа явуулдаг туршлага их. Удахгүй хар тамхины нөлөөг силикон баримлаар үзүүлсэн үзэсгэлэнг гаргана” хэмээн мэдээлэв.