Сэтгэцийн өвчтэй хүмүүст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг чангаруулахаар ЭХ-д нэмэлт өөрчлөлт оруулна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 58 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 тоот тушаалаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулаад байна.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан нийгмийг цочроосон онц ноцтой гэмт хэрэгтэй холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ түүний үр нөлөө, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа эсэхэд хатуу хяналт тавьж, цаашид дахин энэ төрлийн харамсалтай хэрэг гарахгүй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдсэн юм.

Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт, Дарь-Эхэд сэтгэцийн өвчтэй 48 настай эрэгтэй Б гэгч нь 8 сартай жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хутгалж хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэ хүрээнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн хүрээнд явагдаж чадаж байгаа эсэх, шинжээчийн дүгнэлт бодитой, үнэн зөв байсан эсэх, ямар дүгнэлтээр хэрэг үйлдэгч этгээд эмнэлгийн хараа хяналтаас гадуур сул чөлөөтэй явж байсан талаарх бүх нөхцөл байдлыг тогтоож ажиллаж байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн чанартай албагдлагын арга хэмжээ авагдсан 257 хүн байгаагаас жилд дунджаар 30 орчим хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагддаг гэсэн судалгаа байгаа юм.

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
 
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!