
Дэлхий даяар амиа хорлолтын нийт тохиолдлын 77% нь хөгжиж буй болон ядуу буурай орнуудад бүртгэгдэж байгаа бөгөөд өсвөр насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны дөрөвдүгээрт амиа хорлолт орж байна.
Амиа хорлолт нь амьдралын туршид тухайн хүн маш олон стресс бухимдлаа даван туулж олон үе шаттай явсаар эцэст нь бууж өгч буй сонголт хийж байгаа үзэгдэл. Өөрөө хэлбэл сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь хүндэрч байгаа гэсэн үг. Иймд эрт илрүүлэх, стресс тайлах ур чадвар, амьдрах ухааны чадварыг нэмэгдүүлэх нь иргэн бүрийн хийх ёстой зүйл болоод байна. Ажил амьдралынхаа тэнцвэрийг олох, стресс бухимдлаа зөв тайлж сурах, гэр бүлээ тэнцвэртэй авч явах ур чадварт иргэн бүр суралцаж байж хүндэрсэн буюу сүүлчийн сонголтыг хийхгүй байх магадлал нэмэгдэх юм.
2023 оны эрүүл мэндийн статистик мэдээлэлээр Монгол улсын хүн амын дундах амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин 100 000 хүн амд 14.7 байгаа бөгөөд насны бүлгээр авч үзэхэд, 2023 онд нас барсан 20-24 насны залуучуудын 27.4 хувь нь буюу 4 хүн тутмын 1, 25-29 насны залуучуудын 20.6 хувь буюу 5 хүн тутмын 1, 15-19 насныхны 23.6 хувь буюу мөн 4 хүн тутмын 1 нь амиа хорлон нас барсан байна.
Энэ талаар СЭМҮТ-ийн Сэтгэц-нийгмийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал Н.Алтанзул, "Монгол Улс амиа хорлолтын түвшнээр дэлхийн дунджаас хоёр дахин их, Ази Номхон далайн баруун бүсийн түвшинтэй харьцуулахад мөн л хоёрт байгаа нь онцгой анхаарах шаардлагатайг харуулж байгаа. Амиа хорлож нас барж байгаа жилийн үзүүлэлтүүдийг авч үзэхэд залуу насны, хүүхэд, өсвөр үеийн залуучууд бусад улс оронтой харьцуулахад хамгийн их байгаа нь нэлээн анхаарах ёстой асуудал болоод байна. Хүүхэд залуус өсвөр үеийнхэн амиа хорлолтод өртөж буй энэ үзүүлэлт нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэлээн хүнд болсон, сэтгэцийн асуудлын маш олон үе шатуудыг даван туулж, амиа хорлож нас барах эцсийн сонголтыг хийж байгаа гэсэн үг. Үүний цаана гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, залуусын хувьд ажилгүйдэл ядуурал, амьдралын олон асуудал хөндөгдөж байна. Иймд цогцоор нь шийдэхгүй бол залуу үеийнхэн, бидний ирээдүй болсон хойч үеэ алдсаар байна. Тиймээс өнөөдөр холбогдох бүх байгуллага, яамдын төлөөллийг оролцуулж, шийдвэр гаргах түвшинд амиа хорлолтод онцгой анхаарах хэрэгтэйг ойлгуулж, үүний эсрэг хамтдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нэгдэж оролцох уриатайгаар хурлыг зохион байгуулж байна" хэмээн онцолжээ.
Мөн тэрбээр, "Бид 2025 оны 3 дугаар сараас эхлээд Ази, Номхон далайн баруун бүсийн ДЭМБ-ын зөвлөхүүдтэй хамтарч “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах” дээр ажиллаж байна. Бусад улс орнууд амиа хорлолтын түвшинг хэрхэн үр дүнтэй бууруулж буй тал дээр Япон, БНСУ-ын жишээнээс суралцлаа. Хамгийн чухал асуудал нь салбар дундын хамтын ажиллагааг нэгтгэх, мөн төрийн удирдлагын бүх түвшний байгууллагуудыг оролцуулж үүрэг хариуцлагыг нь оногдуулж байж үр дүнтэйгээр амиа хорлолтыг бууруулдаг юм байна. Гол хөшүүргэ нь амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх, амиа хорлолтын эсрэг авах арга хэмжээний хууль аж. Хуультай, үндэсний хөтөлбөртэй болж, Ерөнхий сайдаар удирдуулж, Үндэсний хороо ажиллаж байж амиа хорлолтыг бууруулдаг гэж ойлгосон.
Амиа хорлолтоос сэргийлэх үндэсний арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлснээр 2026-2030 он хүртэл 100 мянган хүн амд ногдох амиа хорлолтын түвшинг 10 хувиар бууруулах том зорилго тавин ажиллаж байна" гэлээ.
Хүний нөөц, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж ямар байгаа талаар тодруулахад, Монгол Улсын хэмжээнд 180 гаруй сэтгэцийн эмч ажиллаж байгаа. Сэтгэцийн эмч нарын дийлэх нь Улаанбаатарт төвлөрөн ажиллаж байна. Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхэд зөвхөн сэтгэцийн эмч нар төдийгүй яаралтай түргэн тусламжийн байгууллага, гэмтлийн эмнэлэг, хордлогын төвд илүүтэй тусламж үйлчилгээ явагдаж байгаа. Тиймээс энэ асуудал чимээгүйхэн өнгөрөх нь олонтаа. Амиа хорлох бодолтой, үйлдэл төлөвлөж байгаа, эрхдэлтэй зан үйл хийсэн байгаа тохиолдол нь бүртгэгдэхгүй, мэдээлэгдэхгүй яваад байгаа нь асуудлыг далдаж байна. Энэ тал дээр тусламж үзүүлэгч нар маань ажиллаж байгаа ч, эмнэлгийн байгууллагат хандаж байгаа хүмүүсийн ойлголт хомс байна. Зөвхөн эмнэлэгт суурилсан тусламж үйлчилгээнээс илүүтэй, нийгэм хамт олон буюу ажлын байр, сургуулийн орчинд тусламжийг өргөжүүлдэг систем рүү хандах хэрэгтэй. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сайн дурын мэргэжилтнүүдийг энэ чиглэлд илүүтэй сургаж, мэргэшүүлэх шаардлагатай" гэлээ.